Бондоос үлдсэн хөрөнгөөр компаниудаа дэмжье

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Бондоос үлдсэн хөрөнгөөр компаниудаа дэмжье

Үндэсний хэмжээний хэдхэн том компанийн­хаа нуруун дээр өндийсөн улс орны жишээ олон байдаг. 1950-иад онд дайны хөлд нэрвэгдсэн БНСУ Азийн хамгийн ядуу орны нэг байсан бол өдгөө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэл­хийд эхний 12-т ордог хүчирхэг гүрэн болчихоод байна. Энэ улс экспортод тулгуурлан эдийн засгаа хөгжүүлсээр Азийн жижиг орноос бар улс болсон. Үүнд нь үндэсний “Хёндэ”, “Самсунг”, “Эл жи” зэрэг томоохон компаниудынх нь орол­цоо их юм.

Үндэсний компаниуддаа тул­гуурлан хөгжих боломж манай оронд ч уг нь бий. Үүний тулд хөл дээрээ босох гэж бор зүрхээрээ зүтгэж үйлдвэрлэл эрхлэн, томоохон төсөл хэрэгжүүлж байгаа хэдхэн компаниа түшиж тулан, дэмнэх хэрэгтэй байна. Нэг үеэ бодвол манай Засгийн газар мөнгөтэй болсон. Бас энэ хөрөнгийнхөө зарим хэсгийг зарцуулах төслөө олоогүй байна. Өнгөрсөн жилийн өдийд босгосон “Чингис” бондын хөрөнгөөс одоогийн байдлаар 77 хувийг нь зарцуулаад байгаа бол үлдсэн 23 хувийг зарцуулах то­дорхой төсөл одоогийн байдлаар байхгүй байгаа. Энэ хөрөнгийг ямар төсөлд зарцуулах саналаа Эдийн засгийн хөгжлийн яаманд холбог­дох газрууд нь ирүүлж байгаа юм би­лээ. “Чингис” бондын хөрөн­гөөс үр ашиггүй зүйлд зарцуулсан жи­шээ ч гараад байна. Тухайлбал “Замын цагдаагийн газарт дүрэм зөрчсөн жолоочид автоматаар торгууль бичдэг 400 төхөөрөмж авахаар болж байгаа гэнэ. Торгууль автоматаар бичих нь замын цаг­даа нарын ажлыг хөнгөвчлөхөд тус­тай байж болох ч нэн түрүүнд хө­рөн­гө оруулах төсөл мөн үү гэвэл биш байх. Энэ мэтчлэн эргээд үр аш­гаа өгөхгүй зүйлд бондын хөрөнгийг зарцуулж, бизнес хийх хандлага гарах боллоо. Оронд нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдэврлэхээр ажиллаж байгаа үндэсний хэдэн компанидаа санхүүгийн дэмжлэг үзүүлбэл ямар вэ. Эдийн засгийн хөгжил саарч, гадны хөрөнгө оруулалт тасарчихсан, энэ байдал удаан үргэлжилбэл өвдгөөрөө сөхөрөхөд ойрхон байгаа ийм үед гаднаас бараа авах гэж мөнгө зарахын оронд зарим хэрэгцээгээ дотооддоо хангадаг болохын тулд чармайх хэрэгтэй байх. Өмнөд Солонгос зэрэг орон шиг экспортод тулгуурлан эдийн засгаа өргөх боломж одоохондоо байдаггүй юм гэхэд ядаж гаднаас импортоор авч байгаа зарим бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох боломж байна. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажил­лаж байгаа дотоодын компаниуд нь ч байна, тэднийг дэмжээд өгөх хөрөнгө нь ч байна. Тиймээс “Чингис” бондоос үлдсэн хөрөнгөөр өөр юунд ч биш зөвхөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байгаа компаниудаа л дэмжье. Үндэсний үйлдвэрлэл бол бүх зүйлийн үндэс гэж зарим эдийн засагч хэлдэг шүү дээ.

Одоогийн байдлаар “Чингис” бондын хөрөнгөөс 300 орчим сая ам.долларын хөрөнгийг зар­цуу­лаагүй байгаа. Нэг талд юунд зарцуулах нь тодорхойгүй хөрөнгө байхад нөгөө талд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоо­хон төслүүдэд санхүүжилт шаардлага­тай байна.

Тухайлбал “Монголын алт” корпораци Дорноговь аймгийн Мандах суманд Цагаансуваргын зэсийн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус орд 1.6 сая тонн зэс, 66 мянган тонн молбиден, 16 сая тонн исэлдсэн хүдрийн батлагдсан нөөцтэй гэж байгаа. Энэ ордоос Эрдэнэтийн ордын 60-70 хувьтай тэнцэх хэм­жээний зэсийн баяжмал олборлох боломжтой гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн 30 гаруй жил монголчуу­дын саалийн үнээ байж ирсэн “Эрдэнэт”-тэй бараг адил энэ ордоо ашиглаад эхэлчихвэл монголчуу­дад л тустай. Ер нь “Эрдэнэт”, “Оюутолгой”-н дайны дөрөв таван орд ашиглаад эхэлчихвэл манай эдийн засаг аяндаа босоод ирнэ гэж зарим эдийн засагч ярьдаг шүү дээ.

Үүнээс гадна “МАК” групп Дорноговь аймгийн Даланжарга­лан суманд дэлхийн хэмжээний цементийн үйлдвэр барьж байна. Энэ цементийн үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Манай улс жилд хоёр сая 500 мянган тонн цемент хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Мөн энэ хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг БНХАУ-аас авч байна. Жил бүр барилгын улирал эхлэхэд барилгын гол түүхий эд болох цемент арматурын үнэ тэнгэрт хаддаг. Арга ядахдаа цемент, арматурын үнийг тогтворжуулахын тулд дэд хөтөлбөрт мөнгө зарж байна шүү дээ. Гэтэл манай улсад 2.5 сая тонн цемент үйлдвэрлэж дотоодын хэ­рэг­цээгээ хангах түүхий эдийн нөөц хангалттайгаас гадны гадны орнуудад импортлох боломж ч бий. Нэгэнт түүхий эд, үйлдвэрлэгчид нь байгаа болохоор төрөөс жаахан дэмжиж, зохицуулахад манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн чанар муутай цементээт татгалзаж ча­да­хаар болох нь байна. Энэ Зас­гийн газар анх удаа орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоог эхлүүлж эрэлтийг нэмэгдүүлсэн учраас барилгын үйлдвэрлэлийг дэмжих бодлого барихаа мэдэгд­сэн. Барилгын үйлдвэрлэлийг дэм­жих бодлого барьж байгаа л бол үүний амин чухал хэсэг болох барил­гын материалын үйлдвэрлэлийг дэмжмээр байна. “МАК”-аас гадна “Монполимент” групп Дорноговь аймгийн өргөн суманд жилд нэг тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барьж байгаа. Тус компани энэ төслийг эхлэхдээ Европын сэргээн босголтын банкнаас 20 сая ам.долларын зээл авсан байна. Гэсэн ч нэг сая тоннын хүчин чадал­тай цементийн үйлдвэр барихад үүнээс хэд дахин их хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг юм байна. Ердөө энэ хоёр үйлд­вэр ашиглалтад ороход манай ул­сын цементийн жилийн хэрэглээг ба­раг хангахаар байгаа юм. Эх орон­доо цемент үйлдвэрлэдэг болсноор орон сууцны үнийн өсөлтийг хазаар­лах ч боломж бий. Ийм ашигтай төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс ба­га­хан хэсгийг ч болов оруулахад бо­лох­гүй гэх газаргүй.

Үүнээс гадна манай оронд нүүрс шингэрүүлэн нефтийн бүтээгдэ­хүүн үйлдвэрлэх, цахилгаан, ду­лаа­ны эрчим хүчний үйлдвэрлэл зэ­рэг олон төслүүдийг хэрэгжүүлэ­хээр ажиллаж байна. Үүнээс гадна олон төсөл санхүүгийн боломжгүйгээс хүлээгдэж байна. Энэ төслүү­дийг бүгдийг нь биш юм гэхэд ойрын хугацаанд өгөөжөө өгөх боломж­тойг нь “Чингис” бондын хөрөн­гөөс дэмжье.

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж