Самбо бөхийн 37 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо маргаашнаас эхлэн гурван хоногийн турш /XI.22-26/ болно. Энэ удаагийн ДАШТ-д оролцох Монголын 80 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид өчигдөр ОХУ-ыг зорьсон юм. Монгол Улсын хамгийн олон дэлхийн аваргатай спортын төрөл бол самбо бөх юм. Энэ онд самбо бөх үүсч хөгжсөний 75 жилийн баяр тохиож буй учир улс орнуудын Санкт-Петербург болох ДАШТ-д өндөр ач холбогдол өгч байна. Хойд хөршид болох ДАШТ-д эмэгтэй тамирчид 48-аас +80 кг-ийн жинд, эрэгтэй тамирчид 50-аас +100 кг-ийн жинд хүчээ үзнэ. Мөн ДАШТ-д МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ Ц.Цэрэнханд, ОУХМ Т.Баттөгс, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Ууганбаатар тэргүүтэй самбо бөхийн шилдэг тамирчид оролцож байгаа учир олон медальд хүрэх магадлалтай байгаа юм.
Б.БИЛЭГ