Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Сингапур улсын Гадаад харилцааны яамны Хойд ази болон Номхон далайн олон улсын үйл ажиллагааны газрын захирал Ivan Yeo болон тус газрын менежер Gon Wee Meng нарыг өнөөдөр хүлээн авч уулзсан байна. Сингапур буюу Арслан улсын элч төлөөлөгчид Улаанбаатар хотыг хөгжүүлэх тэр дундаа хот төлөвлөлт, ногоон байгууламжийг цогцлооход хамтарч ажиллах хүсэлтээ уудазлтын үеэр хотын мэрт дуулгажээ. Сингапур улс дэлхийн олон хотуудтай хот төлөвлөлт хийгээд дэд бүтцийн чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Вьетнам, Энэтхэг, Дундад Азийн орнуудтай энэ чиглэлээр хамтарч ажилладаг гэдгээ хэлээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг ч “гоё” болгож өгөх санал тавилаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тэдэнд Улаанбаатар хотын тэргүүлэх чиглэлийн төлөвлөгөө бүхий товхимлыг өгчээ. Энэ товхимолд 44 төсөл багтсан бөгөөд эдгээртэй сайтар танилцаад хамтарч ажиллаж болох төсөлд хариу санал хэлэхийг хүссэн байна. Тун удахгүй зургадугаар сарын 25-нд НИТХ хуралдаж төсвийн бодлогоо хэлэлцэнэ. Тэр үед хэрэгжүүлж болохоор төсөл, төлөвлөгөөгөө боловсруулаад оруулж ирвэл тодорхой төслүүдийг дэс дараатай хэрэгжүүлж болох юм гэжээ. Мөн Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 670 га газарт хөрөнгө оруулалт хийж болохыг дуулгалаа. Хэрвээ техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад ирвэл хамгийн түрүүнд хамтарч ажиллаж болох төсөл гэдгийг онцолсон. Уулзалтын үеэр хөндөн тавьсан бас нэг асуудал бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл байсан юм. Учир нь Сингапур улс жижиг дунд үйлдвэрлэлээрээ алдартай. Орон сууцуудын нэгдүгээр давхар бараг тэр чигтээ үйлдвэрлэлийн байр байдаг. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаж болно гэдгийг хотын мэр Г. Мөнхбаяр хэллээ. Түүнчлэн хөрөнгө мөнгөний асуудлаас болж хойшилсон Сэлбэ, Дунд голыг эргэн сэргээх, усны түвшинг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтрах бүрэн бололцоотойг онцоллоо.
Д.Цээнэ
Д.Цээнэ