Мянганы хөгжлийн илтгэлийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Мянганы хөгжлийн илтгэлийг хэлэлцэв

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь илтгэлийг хэлэлцлээ

УИХ-ын Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2013-11-20/ хуралдаж Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь илтгэлийг хэлэлцлээ.

Дэд хорооны өмнөх хуралдаанд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь илтгэлийг хэлэлцэх үеэр гишүүд энэхүү илтгэлд өндөр ач холбогдол өгч улмаар шүүмжлэлтэй хандсаны дагуу асуудлыг дахин боловсруулж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн юм. Энэ дагуу гишүүдийн гаргасан саналыг нэгбүрчлэн судлан үзэж илтгэлд тусган шинэчлэн боловсруулсан талаар Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын Нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батхүрэл танилцууллаа.
Илтгэлийн төсөлд хоёр чиглэлийн өөрчлөлт оруулсан байна. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцад өгсөн үнэлгээний таван шатлалд өөрчлөлт оруулсны зэрэгцээ мөн 2015 онд хүрэх түвшнийг тодорхой болгоогүйн улмаас өмнөх боломжгүй гэж үзэж байсан зорилтыг үнэлсэн үнэлгээний аргыг гишүүдээс гаргасан саналын дагуу өөрчилсөн гэлээ. Ингэхдээ чанарын үнэлгээний аргыг ашигласан гэв . Түүнчлэн тухайн төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд төрөөс ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар илтгэлд дэлгэрэнгүй тусгасныг танилцуулгад дурдлаа.

2015 онд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн эхний үе шат дуусч дүгнэх бөгөөд улмаар цаашдын зорилтуудаа тодорхойлох юм.

Мөн хуралдаанаар “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцын талаарх Үндэсний тав дахь илтгэлтэй холбогдуулан авар арга хэмжээний тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны тогтоолыг батлав.

Уг тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцын талаарх Үндэсний тав дахь илтгэлийг сайшаагаад, илтгэлтэй холбогдуулан авах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороонд даалгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж