
Ус, цаг уурын орчны шинжилгээний газрын мэдээлсэнээр ойрын өдруудад түр зуурын дуу цахилгаантай ус ихтэй бороо орох төлөвтэй байгаа аж. Тухайлбал, энэ сарын 20-ны өдрийг хүртэлх байдлаар 16-нд зүүн зүгийн нутгаар, 18, 19-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. Салхи 16, 18-нд говь талын нутгаар түр зуур 16-18 метр секунд хүрч ширүүснэ. 16-нд нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч цаашдаа дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байх юм байна.
Түүнчлэн Алтайн нуруунаас усжих Буянт, Орхон гол Хархорин орчмоор усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5-15 см давж байгаа аж. Мөн Хангайн нуруунаас эх авсан Хойд тамир, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Булган голын усны түвшин буурсан хэдий ч үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байна. Иймд дээрх голын дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
П.Наран