Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Мобиком корпорацийн хамтарсан Улаанбаатар хотын үйлчилгээг сайжруулах ажил илүү нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр явагдана.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хувь хоёр оронтой тоо давж, дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай улс болоод байна. Улаанбаатар хотын хувьд барилга байгуулалтын ажил эрчимтэй хийгдэн, долоо хоног тутам шинэ зам ашиглалтад орж, оршин суугчдын тоо өдөр тутам өсөн нэмэгдэж байна. Төр болон хувийн хэвшлийн удирдлагууд эдгээр өсөлтийн ач холбогдлыг, мөн түүнийг үр дүнтэйгээр зохион байгуулах хэрэгцээ шаардлагыг маш сайн ухамсарлаж байна. Аливаа хурдацтай үйл явц, их хэмжээтэй зүйлийг дагаад ихээхэн бэрхшээл, сорилт тулгардаг билээ. Гэвч Хотын удирдлага болон харилцаа холбоо, үйлчилгээний магнат энэхүү өсөлтийг шийдвэрлэхээр хамтран зүтгэвэл ирээдүй харин ч гэрэл гэгээтэй, арга замууд нь нээлттэй болно.
Нийтийн үйлчилгээг хүргэх үйл явцыг сайжруулан, орчин үеийн хэв маягт нийцүүлэх, Улаанбаатар хотын нөөц ашиглалтыг үр ашигтай болгох зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагч хэрэглэгчийн үйлчилгээг дараагийн шатанд гаргахаар Мобиком Корпорацид хамтран ажиллах асуудлаар хандсан. Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Мобиком Корпорацийг Монгол Улсын тэргүүлэх байгууллагуудын нэг болохын хувьд Улаанбаатар хотын оршин суугчдад нийтийн үйлчилгээг хүргэх шинэ эринийг эхлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргажээ. Хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн жил ажил албаа хүлээн авснаас хойш хөгжил дэвшил, ил тод байдал болон хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахыг зорилтоо болгосон нь Мобиком Корпорацийн хэрэглэгчдэд үйлчлэх суурь чанар, мэдээлэл, лавлагааны чиглэлээр олж авсан туршлагатай бүрэн нийцэж байсан юм. Чухамдаа энэ нь хамтын ажиллагааны үндэс суурь болжээ.
Энэ тухай Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэлэхдээ, “Бид бүхэн Улаанбаатар хотын оршин суугчдын төлөө ажиллаад зогсохгүй Улаанбаатар хотын Захирагчтай хамтрах болсондоо тун таатай байна. Төрийн эсхүл хувийн хэвшлийн алинд зүтгэхээс үл хамааран Хэрэглэгч бол Хаан билээ. Хэрэглэгчийн үйлчилгээг өдөр ирэх тусам сайжруулж, дээшлүүлэх нь бидний үүрэг. Энэ үүрэг маань хэрэгжиж байна гэдэг нь бид хичээн зүтгэж, шинийг санаачлан, өрсөлдөөнөө үргэлжлүүлсээр байгаагийн илрэл болно” гэлээ.
Мобиком Корпораци, хотын Захирагч болон түүний баг хамт олонд нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, мэдээллийн удирдлагыг өргөжүүлэх, оршин суугчид, ирдэгэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах ажлыг гүйцэтгэхэд нь өөрийн салбарын туршлага болон дэлхийн хэмжээний мэдээлэл, удирдлага, мэдээллийн аюулгүй байдлын хяналтын систем зэргээ дайчлан ажиллах ажиллаж байна.
Лавлагаа мэдээллийн төв нь үнэ цэнэтэй санал хүсэлтийг хүлээн авах эх сурвалж байгаад зогсохгүй хотын удирдлагуудад нийслэлийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, түүнийг тасралтгүй сайжруулах танин мэдэхүйн хэрэгсэл болох юм. Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, Замын хөдөлгөөний бодит мэдээллээр хангах ажил зэрэг нийслэлээс гаргаж буй шинэ санал санаачлагуудын талаар тухай бүрт нь үнэн зөв мэдээлэл хүргэх ажлын хүрээнд энэхүү түншлэл мэдээллийн удирдлагыг сайжруулах юм. Илүү мэдээлэл сайтай байснаар нийслэлийн удирдлага оршин суугчдын амьдралд шууд бөгөөд эерэг нөлөөлөл үзүүлэх илүү сайн ойлголтуудыг олж авна. Мобиком Корпораци хотын оршин суугчдын сонирхол, санаа бодол, хэрэгцээ шаардлагыг олж мэдэн тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбоо харилцаа, холбоо-маркетингийн технологио ашиглах болно. Мобиком Корпораци хэрэглэгчийн үйлчилгээнд онцгой анхаардаг компани болохын хувьд хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг дэмжин, лавлах үйлчилгээ болон мэдээлэл харилцааны бусад асуудлаар удирдлагын багыг сургалт, мэдээллээр ханган ажиллах юм.
Мобиком Корпораци Монгол Улсад ISO стандартыг хангасан цорын ганц холбоо харилцааны компани бөгөөд үр дүн, оновчтой шийдэл, ил тод байдлаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Чанарын хяналт удирдлагын тогтолцооны дээд стандарт ISO 9001, дэлхийн хэмжээний Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын стандарт ISO 27001- стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн чанартай, найдвартай хэмээн Олон улсын хэмжээнд баталгаажсан билээ.
Төр болон хувийн хэвшил харилцан итгэлцэл, ил тод, шударга байдал дээр тулгуурлан хамтран ажилласнаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэж болох юм. Эдгээр хамтын ажиллагаагаар хоёр оронтой тоогоор хэмжигдэх өсөлтийг эргээд Улаанбаатар хот, Монгол Улсын иргэдийн хувьд бодит ашиг, хөгжил дэвшил болгон хувиргана.