![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/9/23285d023307ed84/7d1e936e15be055boriginal.jpg)
Байнгын хороодын гишүүд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
УИХ-ын гишүүн, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Хилийн боомтын захиргаа нь хилийн бүсийн аюулгүй байдал болон салбарын олон байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зангидах чиг үүрэгтэй тул Монгол Улсын Шадар сайд Боомтын нэгдсэн захиргааг удирдана гэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал гаргасан ч байнгын хороодын гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй.
Харин УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хилийн боомтын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс, түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна" гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Хуулийн төслийн "Боомтын нэгдсэн захиргаа нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын удирдлагад ажиллана" гэсэн заалтын талаар гишүүд өөр байр суурьтай байлаа. Тухайлахад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь тамгын газар, тиймээс ажлын албанд энэ асуудлыг хариуцуулах нь буруу гэж үзлээ. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин боомт дээрх хилийн бүсийн аюулгүй байдал, хилийн дэглэм, хууль эрх зүйн болон гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын гээд ажлын уялдаа холбоо муу байгаа, иймээс бодлогын хүрээнд давхардсан чиг үүргийг нэгтгэх шаардлагатай учраас боомтын захиргааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар удирдаж зохицуулах нь зүйтэй гэсэн юм.