Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбар, цэцийн хуралдаанд байр сууриа хэрхэн илэрхийлсэн талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэж заасан. Эндээс Үндсэн хууль иргэдийн төлөөлөгчдийг шүүх хуралд хэрхэн оролцуулахыг тогтоохыг хууль тогтоогчдод үлдээжээ гэдгийг харж болно. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, оролцох механизм, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан нь иргэдийн оролцоог баталгаажуулж, Үндсэн хуулийн үзэл санааг бодит утгаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн олон оронд иргэдийн төлөөлөгчдийг шүүн таслах ажиллагаанд шийдвэр гаргах бүрэлдэхүүнд оролцуулдаг нь эдгээр улсуудын Үндсэн хуулийн зарчмууд болох шүүгчийн бие даасан байдал, шүүхийн хараат бус байдалтай зөрчилдөөгүй гэж үзсэн байдгийг илэрхийлж байгаа хэрэг юм гээд харамсалтай нь Цэц маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэний өргөдөлдөө дурдаагүй Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн, тэгэхдээ ердийн хуулийн ерөнхий заалтаас иш татаж дүгнэлт гаргасанд гайхаж байгаагаа хэллээ.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон гишүүн Х.Тэмүүжин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд анхан шатны шүүх хурлыг хоёр шүүгч, нэг иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хийх, иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралд шүүгчийн адил эрх эдлэхээр заасан нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд нөлөөлүүлэх гэсэн биш харин иргэдэд энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох боломж буюу Үндсэн хуульт ардчиллын зарчим хуулийн засаглалын зарчимтай хослон хэрэгжиж буйн илрэл болно. Иймээс Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн иргэдийн төлөөлөгч оролцуулах болон шударга шүүхээр шүүлгэх эрхтэй нийцэж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаж албан ёсны байр сууриа илэрхийлсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Х.Тэмүүжин гишүүний тайлбар мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүн З.Энхболд, Р.Гончигдорж, Ж.Батзандан нар гишүүнээс асуулт асууж, саналаа хэлсэн юм.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.