Энэ нь өнөөх БНМАУ, ЗХУ-ын /хуучнаар/ Засгийн газар хооронд 1949 онд үзэглэсэн гэрээнээс болсон гэх юм билээ. Нэгэн жарны турш огт засвар хийгээгүй тус гэрээг шинэчлэн найруулах, Монголын талын хувь эзэмшлийг нэмэх сонирхол уг нь манайханд бий. Гэхдээ хөрш орны хувьд үүнд ач холбогдол өгөлгүй ирсэн байдаг.
Сүүлд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самoйленко “Бид 50:50 хувийг шударгаар эзэмшиж байгаа. Монголын тал дангаараа шийдвэр гаргах гэж үү. Ингэвэл шударга байх уу. Би тэгж бодохгүй байна. Төмөр замын ажил дажгүй л явж байгаа” гэж “Info” сэтгүүлд тов тодорхой ярьжээ. Гэхдээ бичих сэдэв Монгол, Оросын хувь эзэмшлийн харьцаатай холбоогүй учраас энд хүрээд орхиё. Харин гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөхгүй бол “УБТЗ”-ыг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт цэцэглэсэн шиг “шахааны” бизнес тойрч өнгөрөхгүй нь бололтой.
Үүнийг батлах мэт гаалийнхан “УБТЗ” нийгэмлэгээс 11 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлжээ. Тодруулбал, “УБТЗ” нийгэмлэгийн удирдлагууд вагон зүтгүүрийн хурд, хүчин чадлыг нэмэх зориулалтаар ОХУ-аас сэлбэг, хэрэгсэл авсан хэмээн бүрдүүлэлт хийж, гаальд мэдүүлээд өөр улсаас бараа оруулсан талаар эх сурвалжууд хэлж байна. Засгийн газрын тогтоолоор зүтгүүрийн хүчин чадлыг сайжруулахын тулд ОХУ-аас оруулж ирэх зөвхөн техник, сэлбэг хэрэгслийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлсөн байжээ. Гэтэл албан тушаалтнууд нийлж БНХАУ-аас гадна Зүүн Өмнөд Азийн 7-8 орноос татварын чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамаарахгүй барааг оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, зүтгүүрийн хүчин чадал нэмэгдүүлэх сэлбэг нэрийн дор өөр зүйлийг ч “УБТЗ”-д татваргүй оруулж ирсэн ажээ. Мэдэх ёстой хүмүүс нь мэдэж чадаагүй энэхүү үйлдэл нь бүтэн таван жил үргэлжилсэн юм байна. Үүнийг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын албаныхан өнгөрсөн гуравдугаар сард тогтоож, зургаан удаагийн акт хүргүүлжээ.
ИНЕГ, Батлан хамгаалах яам, ЦЕГ, Онцгой байдлын алба, эмнэлэг, “УБТЗ”, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн улсын хилээр оруулж ирж буй барааг гаалийнхан газар дээр нь шалгадаггүй юм байна. Улсын онц чухал байгууллагууд гэдэг үүднээс үйл ажиллагааг нь тасалдуулахгүйн тулд ирүүлсэн барааны бичиг баримтыг шалгаад нэвтрүүлдэг. Ингээд хэсэг хугацааны дараа “Бүрдүүлэлтийн дараахь шалгалт” гэдгийг хийдэг ажээ. Ингэж шалгахад “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн оруулж ирсэн барааг “гэрэл цохьжээ”. Хуулийн дагуу явбал, энэ бол эрх мэдлээ хэтрүүлж 16 мянган ажилтантай Монголын төмөр замын байгууллагад бараа шахсан явдал юм.
Харин “УБТЗ” нийгэмлэгийнхэн ГЕГ-аас тавьсан 11 тэрбумын торгуулийг зөвшөөрөхгүй байгаа юм байна. Тэд Засгийн газрын нэг агентлаг нөгөөгөө торгох нь увайгүй үйлдэл хэмээн үзэж байна. Тухайлбал, Төмөр замчдын үйлдвэрчний хорооны дарга нь “УБТЗ өнгөрсөн жил 39 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тийм байтал гаалийн байцаагч Засгийн газар хоорондын гэрээг зөрчиж хувь нийлүүлсэн нийгэмлэгийг торголоо. УБТЗ олон улсын ашгийн бус байгууллага гэдгийг 1949 оны гэрээгээр тодорхойлсон. Бид гаальд нэг ч төгрөгийн торгууль төлөхгүй” гэжээ. 1949 онд байгуулсан Засгийн газар хоорондын гэрээний 10 дугаар зүйлд “Төмөр замын өмчид, ашиглалтанд байгаа газарт, бүх төрлийн эд хөрөнгөд БНМАУ-ын дотор байгаа хийгээд ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна” гэж заасан байдаг. Үйлдвэрчний хорооны дарга нь үүнийг хэлсэн хэрэг. Гэрээний наймдугаар зүйлийн “Ж”-д “Төмөр замын хайгуул, шинжилгээ, барилга болон ашиглалтад хэрэглэгдэх чухал тоног төхөөрөмж, материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр БНМАУ-д саадгүй оруулж байх, оруулсан хогшил хөрөнгийг Орос улсад саадгүй эргүүлэн гаргахыг зөвшөөрнө. Замын хайгуул шинжилгээ, барилга явуулж байгаа үед мөнхүү барилгын ажилтны албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа таваарыг гааль татвар хураахгүйгээр Монгол Улсад нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрнө” гэж заасан байдаг ажээ. УБТЗ-ынхан гэрээний энэхүү заалтыг бариад гаалийн актыг эсэргүүцэж байгаа юм. Хэрвээ тэд 11 тэрбум төгрөгийн торгуулиа төлөхөөр бол ОХУ-ын тал 50 хувийг нь төлөх юм. Харин Монголын талын төсвөөс гаргасан мөнгө буцаж төсөвт төвлөрөх учраас бидэнд алдагдалгүй л дээ. Гэхдээ шударга ёс гэж бий. Хууль зөрчсөн үйлдлээ үргэлж адлаад байдаг өнөөх 1949 оны гэрээндээ нууж болохгүй байлтай.
Г.УЛСБОЛД