Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Монголын үндэсний олон нийтийн телевизийнхэн дахиад л бужигналдаж эхэллээ. Шинэ дарга Ч.Даваабаярыг эсэргүүцсэн ажилчид нь түүнийг огцрох ёстой гэдэг шаардлагыг тавьж буй юм байна. Ч.Даваабаярын хувьд албан тушаалаасаа тийм ч амархан огцрохыг хүссэнгүй, нотлох баримтаа гаргаж тавихыг “эсэргүү  бүлэг”-ийнхнээс шаарджээ. Болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс ажихад хэдийгээр тус байгууллагын тогоон доторх асуудал ч гэлээ албан тушаал, эрх мэдлийн төлөөх “дажин” дахин үүссэн нь илэрхий харагдаж байна. Тус телевизийнхний хувьд  энэ нь анхны “бослого” биш юм. Иймэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн жилүүдэд цөөнгүй гарч байсныг Монголын үзэгчид санаж байгаа байх. Ялсан намын үнэлэмжээр нэг шинэ дарга томилогддог, нөгөөх нь идсэн уусан, хөрөнгө мөнгө завшсан хэрэгт холбогддог, түүнийг нь ажилчид нь эсэргүүцдэг явдал байнга гардаг болохоор энэ явдалд хачирхаад байх ч юм алга.

Хэн дарга болж, хэн огцрох нь үзэгчдийн хувьд хамаатай сэдэв биш ээ. Харин татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг тус телевиз хэний эрх ашигт үйлчилдэг вэ, хэний эрх ашгийг хамгаалж дуугардаг вэ гэдэг нь  өнөөдрийн хувьд хамгийн чухал сэдэв юм.  46 жилийн түүхээрээ, туулсан замнал, туршлагаараа илүүрхдэг тус телевизийн үйл ажиллагаа Олон нийтийн гэх статустайгаа уялдаж буй эсэх, мянга, мянган үзэгчийнхээ нүд чих нь болж чадаж байгаа үгүйд дүгнэлт хийх цаг болжээ. Өөрөөр хэлбэл,  олон жил “эрхэлсэн” энэ телевизэд бодлогын шинэчлэлт хийж, үйл ажиллагааг нь өөрчлөх шаардлагатай байна гэсэн үг.

Жил болгон улсын төсвөөс  МҮОНТ-д 10 тэрбум төгрөгийн санхүүжилт өгдөг. Сар бүхэн нийслэлийн 300 мянган өрхөөс 1500 төгрөг телевиз үзсэний шимтгэл болгон авдаг гэвэл тус телевиз жилдээ 5 тэрбумыг үзэгчдээсээ хурааж хөөрхөн ашигтай ажилладаг бололтой юм. Мэдээж, дээр нь  зар сурталчилгааний цэвэр  ашгийг нэмбэл МҮОНТ-ийг орлого муутай гэж тодорхойлж боломгүй.  Гэхдээ тэрхүү орлогоо телевизийнхээ техник, технологийн шинэчлэлтэд яагаад зарцуулдаггүй юм бэ гэдгийг жирийн нэгэн үзэгчийнхээ хувиар асуумаар байна.  “Агшин”, “Дөрвөн бэрх”, “Цагийн хүрд”, “Эргэх дөрвөн цаг”, “Өглөө хөтөлбөр”, “Гэрэлтэй цонх”, “Хариулахгүй ч байж болно”, “Эрийн хийморь”, “Цэнхэр дэлгэц”, “Эх сурвалж”, “Мазаахай” гэх зэрэг олон сайхан нэвтрүүлгийг нь үзэгчид үзэх дуртай байсан. Байсан гэдэг өнгөрсөн цагийн хувилбар дээр бичиж байгаа учир нь одоо тэдгээр  нэвтрүүлгийнхээ өнгө жанрыг өөрчлөхгүй бол  телевизийн салбар дахь энэ их  өрсөлдөөн дунд тэсч үлдэхэд бэрхтэй  гэдгийг сануулах гэсэн хэрэг.  Магадгүй нэвтрүүлэг нь чанартай байх эсэх, техник, технологи нь хуучирах үгүй нь  үдлээд буцдаг дарга нарын анхаарлыг татах асуудал биш байх л даа . Угаасаа төсвөөс цалинжиж байгаа тус телевиз өрсөлдөөний тухай ойлголтоор маруухан нь үнэн хойно. Дуу дүрсний гаралт муутай, олигтойхон үзчих нэвтрүүлэг ховор арилжааны бусад телевизүүдтэй харьцуулахад аль эрт  хоцрогдсон арга барилаар ажилладаг тус телевизийг хувьчлах  ажлыг эхлүүлэхгүй бол албан тушаал, мөнгө төгрөгийн хэрүүл  тэнд хэзээ ч тасрахгүй. Тэгж хэрэлдлээ гээд үйл ажиллагаа нь сайжирчихгүй.  Уг нь хаана иргэний эрх зөрчигдөж буйг, хаана болохгүй бүтэхгүй асуудал хуримтлагдсаныг, хэн гэдэг дарга ямар хууль бус үйлдэл гаргаж байгааг хамгийн түрүүнд мэдээллэх,  татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, сар бүхэн үзэгчдээсээ хураамж авч байгаагийн хувьд нээлттэй, ил тод, шударга тогтолцоо тэнд л үйлчлэх ёстой байлаа. Юун төлөө Олон нийтийн гэх гоё нэртэй билээ.  Хамгийн тэнцвэртэй, үнэн бодитой мэдээллийг тус телевиз л хүргэж, хамгийн түрүүнд иргэнийнээ эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой юм шүү дээ.  Нэрнийхээ агуулгаар бол. Даанч өнөөдөр захилгат нэвтрүүлэгт гаршиж, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчидтай хэтэрхий найзархах болсон тус телевизээс үзэгчид нь хүртэл залхаад, нүүрээ буруулчихсан.  Үндэсний  телевизийг үздэг үзэгчдийн дийлэнх нь өвгөчүүл, дарга нар. Залуу үеийнхнээс Үндэсний олон нийтийн телевизийг үздэг үү гээд асуугаарай. Өнөөдөр зарим нь мэдэх ч үгүй байж магадгүй шүү. Энэ бол гашуун үнэн. Нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл  сайтай, хурдан шуурхай, тэнцвэртэй байгаад нь биш, сар болгон 1500 төгрөгийг хүчээр авч буй болохоор л түүнийг нь иргэд дуртай дургүй өгч байгаа юм. Түүнээс сонголтоороо хураамж төл гэвэл тус телевизэд “хандив” өгөх үзэгч цөөхөн л болов уу. МҮОНТ-ийн хийх ёстой бүхнийг харин ч арилжааны гэж адлагддаг хувийн телевизүүд нуруун дээрээ үүрч байна. Тэгэхээр хувийн телевизүүдээс илүү гарч ажиллаж чадахгүй байгаа энэ телевизийн тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай болсоныг сануулах юун.

Улстөрчид өөрсдийнхөө хүүхэлдэйнүүдийг томилдог, тэд нь идсэн бялууныхаа өртгийг эргүүлж төлөхийн тулд захилгаар ажилладаг тус телевизийн Олон нийтийн гэх гоёдсон гоёлыг тайлах хэрэгтэй байна. Цөөн хэдэн дарга нарын дуу хоолой болсон МҮОНТ-ийг татвар төлөгч, үзэгчид яагаад тэжээх ёстой юм бэ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж