Ц.Даваасүрэн: Бондын хүүг төсөвт суулгасан

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн: Бондын хүүг төсөвт суулгасан

УИХ-аас Монгол Улсын 2014 оны  төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулж, Төсвийн  байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл  хийлээ.

Тэрээр 2014 оны төсвийг амьдралд буусан төсөв хэмээн тодотголоо. Үүнийг хэд, хэдэн үзүүлэлтээр тодорхойлов. Тухайлбал, зэсийн үнийг 2013 онд 8100 ам.доллараар тооцсон бол 2014 онд 6200 ам.доллараар, боловсруулсан нүүрсийг 160 ам.доллараар тооцдог байсныг 115 ам.доллараар тооцож тусгасан аж. Мөн ам.долларын ханшийг 1384-өөр төсөв суулгасан нь ханшийг буулгахын төлөө Засгийн газар чармайж ажиллах ёстой гэж үзсэн хэрэг. Холбогдох сайдууд ирэх онд ам.долларын ханшийг 1384 рүү буулгаж чадна гэж үзэж байхад УИХ чадахгүй гээд өндөр ханш тавих нь зохисгүй. 2010 онд валютын ханш өсч, 1740 төгрөгтэй тэнцэхэд Монголбанкны зүгээс тодорхой бодлого хэрэгжүүлснээр ханшийг унагаж 1400 руу буулгаж байсан. Энэ утгаараа илүү хөрсөн дээр буусан төсөв гэж дүгнэлээ.

Түүнчлэн төсөвт хөөстэй хөрөнгө оруулалтын зардал нэлээд тусдаг байсан. Үүнийг УИХ шахсан. Тухайлбал, 250 хүний суудалтай Соёлын төв өргөөний төсөвт өртөг нь 500 хүний суудалтай Соёлын төв өргөө барих зардлаас өндөр байгаа. Энэ мэтчлэн эргэлзээтэй обьектуудын жагсаалтыг Аудитын байгууллагаар хянуулахаар өгсөн. Шинэ оны эхний улиралд багтаан Аудитын байгууллага хянаад буцаагаад оруулаад ирнэ. Үүний дараа буюу 2014 оны дөрөвдүгээр сард УИХ улсын төсөвт тодотгол хийн хөрөнгө оруулалын зардлуудыг шийдээд явах бололцоотой. Нийт 144 обьектын 186 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй холбоотой обьектыг Засгийн газраас 2014 оны төсөвт суулгасан байсан гэлээ.

Мөн тэрээр цаашдаа хөрөнгө оруулалтын арга хэмжээнд хяналт тавьдаг төрийн чадавхийг сайжруулах шаардлагатай байна гэсэн юм.

2014 оны төсөвт тусгасан бас нэг онцлог заалт нь цалин тэтгэвэр юм байна. Тодруулбал,  цалин тэтгэвэр нэмэхтэй холбоотойгоор эх үүсвэрийг нь суулгаж өгснөөс бус хувь заагаагүй. Хувь заахаар бизнесийн салбарт дарамт учруулдаг гэнэ. Жишээлбэл, цалин тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэхээр бизнесийн салбарынхан мөн ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмэх болдог. Улмаар энэ нь бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлтөд нөлөө үзүүлдэг. Тийм учраас цалин тэтгэврийн нэмэгдэх хувийг УИХ-аас заагаагүй. Харин төсвийн хэрэгжилтийн явцад цалин, тэтгэврийг инфляцийн  төвшинтэй нь уялдуулж чимээ шуугиангүйгээр, улс төржилгүйгээр шийдээд явах үүргийг Засгийн газар хүлээсэн байна. Харин оюутны тэтгэлгийн тухайд 2013-2014 оны хичээлийн жилд оюутнууд 70 мянган төгрөгөө авна. Ирэх оны намраас буюу 2014-2015 оны хичээлийн жилээс эхэлж тодорхой шалгуур тавигдаж оюутны тэтгэлэг олгогдох боломж бүрдүүлснийг онцоллоо. Сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.

-2013 оны төсөвт тодотгол хийх үеэр 96 объектийн хөрөнгө оруулалтыг яах вэ гэдэг асуудал яригдаж байгаад, 2014 онд шилжүүлэхээр болсон. Үүнийг шийдэж чадсан уу?

-96 объектийн хувьд төсөв нь хүнд байгаа. Хэрэв, 2014 онд төлөвлөсөн орлого давж биелэвэл эх үүсвэртэй болж,  дээрх объектийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Түүнээс бус төсөвлөгдсөн зүйл байхгүй. Нэгэнт эхэлсэн барилгыг орхихгүйн тулд  ингэж шийдсэн.
.
-“Чингис бонд”-ын өрийг төлөхөд зориулж төсөвт хэдэн төгрөг суулгасан бол?

-“Чингис бонд”-ын хүүнд  төлөхөөр  74 сая ам.доллартай тэнцэх хэмжээний  төлбөр төлөхөөр 2014 оны төсөвт суулгасан. Төлбөрийг хуваарийн дагуу хийнэ. Үндсэн төлбөр нь 2017, 2022 онд төлөгдөнө.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж