
1989 оноос хойш 21 жилийн турш гэрийн хорионд байж, олон ч удаагийн гэмт халдлагад өртөж байсан эрх чөлөө, ардчиллын төлөө цогтой тэмцэгч хатагтай Ан Сан Су Чи-г суллуулахаар Азийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дундаас цор ганцаараа шахам дуу хоолойгоо гаргаж байсан хүн бол манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдгийг тэрээр Монгол Улсад айлчлахдаа сонордуулсан билээ. Ийм ч учраас хатагтай Ан Сан Су Чи Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сэтгэлийнхээ угаас хайрлан хүндэтгэж, халуун дотноор тэвэрсэн биз ээ. Бараг 70 нас шүргэж яваа Ан Сан Су Чи хатагтай өөрийн эрх чөлөө, гэр бүл, хайр сэтгэл, хувийн хэргээ тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцлээрээ солиогүй юм. Өөрөөр хэлбэл тэр зөвхөн өөрийнхөөрөө амьдарч, ард түмнийхээ төлөө шатаж чадсан эрэлхэг эмэгтэй. Даян дэлхийд алдар нь түгсэн Дорнын саран Монголын ард түмнийг хайрлан хүндэтгэж, дотночлон тэврэх нь цэнхэр гариг дээрх хүн төрөлхтөнд ардчилсан Монгол Улсыг сурталчилсан гайхамшигтай үйлс боллоо. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэгчлэн хаа холын Мьянмарын ард түмний эрх чөлөөний төлөө дуугарч байсан Ц.Элбэгдоржид талархамаар. Яагаад гэвэл Монгол гэдэг нэрийн дор хоёр сая есөн зуун мянган зүрх нэгэн үнхэлцгэнд багтаж явдаг юм шүү дээ.

Эх сурвалж: www.ulstur.mn