Үлэг гүрвэлүүд хэзээ “гэр”-тээ очих вэ?

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлүүд хэзээ “гэр”-тээ очих вэ?

Засгийн газрын тогтоолоор  байгуулагдсан Үлэг гүрвэлийн төв музей одоогоор өөрийн байргүй ч олдворуудаа нэмэхээр болжээ. Тодруулбал, тус музейд зургаан төрлийн 22 үлэг гүрвэлийн олдвор, Итали улсаас Япон улс руу үзэсгэлэнд орохоор явуулсан 187 олдворыг авчрахаар болсон байна. Түүнчлэн Палеонтологийн төвөөс үзмэрүүдийг нэмж авах бөгөөд ингэснээр музейн сан хөмрөг 1000 гаруй үзмэртэй болох ажээ. Гэтэл асар их овор, хэмжээ шаардагдах үлэг олдворуудыг хадгалах байр, савны асуудал одоо ч гэсэн байсаар байна. Одоогоор Үлэг гүрвэлийн музей зориулалтын байргүй учраас ажилтнууд нь Үндэсний түүхийн музейд түр байрлаж буй. Үнэт олдвороо хадгалахаас гадна компанийн ажилтнууд байрлаж, үйл ажиллагаа явуулахад ийнхүү бэрхшээлтэй байгаа ажээ. Үлэг гүрвэлийн музейг байгуулж, овор, хэмжээ үзмэрүүдийг хадгалахын тулд нийслэлд цорын ганц музейн зориулалтын байр болох Лениний музейг ашиглана гэж байсан юм. Гэтэл одоог хүртэл Лениний музейн барилгыг бүрэн суллаж, хүлээлгэж өгөх асуудал тодорхой шийдэгдээгүй учраас түр хугацаагаар үзмэрүүдийг Дарханд байрлуулж байна. 

Музейн үзмэр 120 сая төгрөгийг төсөвт оруулжээ 

Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 12-нд 11 дүгээр тогтоол гаргаж олдворууд болон палеонтологийн бусад өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор “Үлэг гүрвэлийн төв музей”-г байгуулсан. 2013 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр Үлэг гүрвэлийн төв музей нь улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авснаар музейн үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ.Үлэг гүрвэлийн төв музей “Т.Батаар Би гэртээ ирлээ“ нэртэй анхны үзэсгэлэнгээ 2013 оны зургадугаар сарын 8-наас гурван сарын хугацаатай Чингисийн талбайд амжилттай гаргаж ойролцоогоор хагас сая үзэгч үзэж, 120 гаруй сая төгрөгний орлогыг улсын төсөвт оруулжээ.

Монгол Улс сүүлийн 20 жил үлэг гүрвэлийн үзмэрүүдээ гадагшаа үзэсгэлэнгүүдэд явуулж байсан ч манай улсад үлэг гүрвэлийн төрөлжсөн музей байгаагүй юм. Иймд олдворуудаа гадаадын үзэсгэлэнд явуулах бус Монголоос олдсон үлэг гүрвэлүүдийн үзмэрийг үзэхийг хүссэн дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийг өөрсдийнхөө музейд төвлөрүүлэхийг зорьж, маш цөөн тоотойгоор өөрсдийн сор үзмэрүүдээ гадагшаа үзэсгэлэнд оролцуулж байх талаар албаныхан онцолсон юм. Музейг “амьд” байлгаж, үзмэр, олдворуудаа сонирхолтой байдлаар дэглэн тайлбарлаж, менежмэнт сайтай баг бүрдүүлэн ажиллаж орон нутагт богино хугацаанд их хэмжээний орлого олох боломжтойг харуулах зорилгоор аравдугаар сарын 5-наас Дархан-Уул аймагт Т.Батаарын үзэсгэлэнг үзүүлж эхэлжээ. Ингэхдээ музейн ажилтнууд нэгээлжиндээ 4-5 хүний бүрэлдэхүүнтэй, 14 хоногийн хугацаатай ажиллаж буй. Одоогийн байдлаар гурав дахь ээлж Дархан-Уул аймгийн музейд ажиллаж байна. Үзэсгэлэнг зорьж ирж буй үзэгчдийн дийлэнх нь Дархан-Уул, Сүхбаатар, Орхон аймаг  зэрэг хойд бүсийн оршин суугчид мөн гадаадын жуулчид ажээ.

Ийнхүү одоогийн байдлаар музей боломжоороо ажиллаж байгаа ч цаашид энэ хэвээр зориулалтын байргүй удвал түүх, соёлоо таниулан сурталчлах хүссэн үр дүндээ хүрч чадахгүй юм. Тиймээс үлэг гүрвэлийн төв музей хэзээ байртай болох вэ? гэх асуултыг эрх мэдэлтэй хүмүүст нь үлдээе.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж