Боомтын захиргааг булаацалдав

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Боомтын захиргааг булаацалдав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Монгол Улс нь өнөөдрийн байдлаар ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын дөрөв, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт юм байна. Эдгээрийн 39 нь автозамын, гурав нь төмөр замын, дөрөв нь агаарын замын боомт аж. Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн мөн хүч түрэн нэмэгдэж буй. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдэд хилийн боомтын хөгжлийн асуудлыг цогц байдлаар тусгажээ. Тухайлбал, хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах боломж бүрдэх нь. Мөн гадаад худалдаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл, хүнд суртал буурч, хилийн боомтод хийж буй хяналт шалгалтын ажлын үр нөлөө дээшилж, давхардал арилах бололцоо нээгдэнэ гэж үзэж байгаа юм. Ингэхдээ энэ бүх ажлыг Боомтын захиргаа хариуцах бөгөөд түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга залуурдаж байхаар зааж өгчээ.

Үүнд УИХ дахь намын бүлгүүд өөр, өөр байр суурь баримталлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Боомтын захиргааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдэлд шилжүүлэх нь зохисгүй. Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн газарт нь хариуцуулах ёстой. Ерөнхийлөгч төр данхайгаад байна, данхгар төрийг ухаалаг төр болгох ёстой гэж зөвлөж байгаа. Энэ ч үүднээс Боомтын захиргаа Хууль зүйн сайдын мэдэлд байх ёстой гэж үзэв. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд Боомтын захиргаа нь Шадар сайдын мэдэлд байх ёстой гэж үзсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдэлд аваачих ёстой” гэж үзэв. Ингээд хуулийн төсөлд заасны дагуу Боомтын захиргааг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын удирдлага дор ажиллах тухай заалт олонхийн дэмжлэг хүлээснээр хэвээр үлдсэн юм. Гэхдээ УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Боомт бол сонгуулиас үл шалтгаалж тасралтгүй ажиллана. Тэр утгаар нь асуудалд хандах ёстой. Түүнээс ард нь тэр сайд байна, энэ сайд байх нь зохисгүй гэж үзэх нь өрөөсгөл юм” гэх байр суурийг ч мөн хэлсэн юм.

Ийнхүү боомт хөгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх хүрээнд Боомтын захиргааг хэн гэгч сайдын мэдэлд шилжүүлэх нь зохистой вэ гэх асуудлын хүрээнд багагүй мэтгэлцэж бас ч үгүй хоорондоо булаацалдаад амжлаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж