
Нийслэлийн нийтийн тээврийн газраас бага оврын автобусыг хязгаарлах ажлаа дахин эхлүүллээ. Энэ удаад 80 гаруй микро автобусыг шахах нь тодорхой болжээ. Нийтийн тээвэрт явж буй микро автобусыг хотын төв замуудад хязгаарласнаар ийм нөхцөл байдлыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл бага оврын автобус үйлчилдэг туслах найман чиглэлийг хаах шийдвэрийг өчигдөр гаргажээ. Тухайлбал, “Өндөр дэнж-Бөмбөгөр-Улаанхуаран”, “Морингийн даваа-Нисэх-Био”, “Ханын материал-Бөмбөгөр-Баянбүрдийн тойрог”, “Улаанхуаран-Яармаг худалдаа”, “Чингис Соосэ-Их засаг их сургууль”, “Их тойруу, Булгийн 20 дугаар гудамж-Зам гүүрийн авто бааз-Улиастай” чиглэлийн бага оврын автобусны үйлчилгээг 23-ны өдрөөс эхлэн зогсоох гэнэ. Түүнчлэн энэ сарын 20-ноос эхлэн он дуустал нийтийн тээврийн үйлчилгээнд бага оврын автобусыг шинээр нэмж оруулахгүй гэдгийг Нийтийн тээврийн газраас албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр замын ачаалал багагүй буурна гэж тэд үзэж буй юм. Харин микро автобусаар амьдралаа залгуулдаг жолооч нар үүнийг эсэргүүцэхээ мэдэгдээд байна.
Л.ХАЛИУ