
Завхан аймгийн 24 сумын 360 гаруй малчин залуус оролцож байгаа энэхүү чуулганаар Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон малчдыг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцож байна.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тус чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэлэх үеэрээ “Хөдөө аж ахуйн салбарт аж ахуй эрхлэгч та бүхэн хүн ардаа хүнсээр, хөнгөн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангаж байгаа баялаг бүтээгчид юм. Шинэчлэлийн Засгийн газраас малчдаа бодлогоор дэмжихэд анхаарал хандуулж ажиллаж ирсэн. Тухайлбал, 2009 онд УИХ-аас Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, 2012 онд “Монгол мал” хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хөрсөн дээр нь хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувьд та бүхний үнэлэлт дүгнэлт маш чухал. Мал аж ахуйн үйлдвэрлэгчид маань нийт хөдөлмөр эрхэлж байгаа насныхны 37,7 хувийг эзэлж байна. Та бүхэн маань ДНБ-ний 80 орчим хувийг, экспортын бүтээгдэхүүний 20 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс та бүхнийг баялаг бүтээгчид гэхэд маргах хүн үгүй биз. Сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо багасч байгаа нь ирээдүйд мал аж ахуйн үйлдвэрлэлийг залгамж халаа хомсдох вий гэсэн эмзэглэлийг төрүүлж байна. Тиймээс төр засгаас энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулж, өнөөдөр бид энд чуулж байна” гэлээ.
Чуулга уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас гадна Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дарга С.Чойноров, ҮХААЯ-ны СТГ-ын дарга Л.Чой-Иш, Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Бибиш нарын албаны хүмүүс оролцож байгаа юм.
Сонирхуулахад, 2009 оны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтдээ 170.000 өрхийн 349.000 малчин мал аж ахуй эрхэлж байснаас 16-35 насны 157.500 малчин бүртгэлтэй байсан бол 2012 оны жилийн эцсийн байдлаар 146.000 малчин өрхийн 289.000 малчин мал аж ахуй эрхэлж байгаагаас 16-35 насны 117 000 гаруй залуу малчин болж буурсан байна.
Эндээс үзэхэд өнгөрсөн таван жилийн хугацаанд залуу малчид жил бүр 1 хувиар буурсан үзүүлэлт байгааг харж болохоор байгаа юм. Мөн чуулга уулзалтад оролцож байгаа малчид төрөөс энэ асуудалд анхаарал хандуулж, хөдөөд малчдын нийгмийн асуудлыг шийдэж өгөх нь зүйтэй хэмээн онцолж байна. Түүнчлэн чуулга уулзалтад оролцож байгаа малчид туршлага солилцоход дөхөм арга хэмжээг зохион байгуулж байна хэмээн талархаж байна.