
Британийн нефтийн компани BP Мексикийн булангийн усанд асгарсан нефтийн бохирдлоос үүссэн хохирлын хэмжээг 1,6 тэрбум ам.доллараар үнэлжээ.
Энэ тоонд нефть асгаралтын ул мөрийг арилгах зардал, цооногийг битүүмжлэх, мөн эргийн орнуудад нэхэмжлэлээр нөхвөр төлөх зэрэг зардлууд багтаж байна. Компаниас Флорида, Алабама ба Миссисипи мужуудад тус тус 25 сая доллар олгосон ба Луизиана муж анхных болох 60 саяын төлбөрөө компаниас авчээ
Deepwater Horizon гэх нефтийн өрөмдлөгийн цамхаг дөрөвдүгээр сарын 20-нд дэлбэрээд 36 цагийн түймрийн дараа нуран живсэн юм. Энэ ослоор нефтийн цооногийн хоолой гэмтэн задарч нефть асгарч эхлэн Луизиана, Алабама, Миссисипи мужуудын эрэг орчмыг бохирдуулан загас агнуур зэрэг үйлдвэрлэлд хохирол учруулсан билээ. Уг ослын хариуцлагыг АНУ-ын эрх баригчид ВР компанид өгөөд байгаа юм.
Компани нь 51 мянга гаруй нэхэмжлэлээр 62 сая орчим ам.долларын нөхөн төлбөрийг өгөөд байна гэж зургадугаар сарын 14-нд мэдэгдсэн байлаа.
Нефтийн асгарснаас санхүүгийн хохирол амссан бүгдэд нөхвөрийн төлбөр өгөхөөр BP амласан юм. Компани нефтийн асгарахыг бүрэн зогсоохоор ажиллаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Тони Хейворд Мексикийн булангийн эрэг хавийн бохирдлыг нэг мөсөн арилгаад ослын өмнө байсан дүр төрхөд нь оруулна гэсэн билээ.

ВР компани нефтийн асгаралтыг зогсоохоор олон арга хэмжээ авсан нь ихэнхдээ бүтэлгүйтсэн юм. Хамгийн сүүлд зургадугаар сарын 3-нд компанийн мэргэжилтнүүд роботын тусламжтайгаар гэмтсэн хоолойг 1,5 км-ын гүнд хөрөөдөн тасдаад түүнд хамгаалалтын бүрхүүлийг суулгаж чадсан ба бүрхүүлд хуримтлагдсан нефть ба байгалийн хийг далайд байгаа нефть зөөгч онгоцонд шахан авч байна.
Компанийн ням гаригт гаргасан хэвлэлийн мэдээнд 7,7 мянган баррель нефть ба 16,9 сая шоо/фут (479 мянган шоо/метр) асгаралтыг дагалдсан байгалийн хийг шахан авч чадлаа гэсэн байв.
Мексикийн булангийн усанд нефть асгарсан нь АНУ-ын хувьд хамгийн том бохирдлуудын нэг болов. Exxon Valdez гэх нефть зөөгч хөлөг Аляскийн эрэгт 1989 онд сүйрэх үеэр асгарсан нефтийн бохирдлын хэм хэмжээнээс энэ удаагийн бохирдол даван гарлаа. Тэр үеэр 260 мянган баррель нефть усанд асгарсан билээ.