“Моннис” группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатартай холбоотой дуулиан шуугиан дахин гарч эхэллээ.
Бид өмнөх дугаартаа түүнийг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанид БНХАУ-аас оруулж ирсэн чанаргүй авто машинууд шахсаны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан тухай мэдээлж байсан.
Тэгвэл сүүлд авсан бидний мэдээллээр ноён Б.Чулуунбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд эртнээс биеэ бэлдэж, өөрийн өрсөлдөх тойргоороо Сүхбаатар аймгийг сонгон, Засаг дарга нарт нь машин бэлэглэсэн гэх мэдээлэл чих дэлсэв.
Харин түүний энэхүү үйлдлийг иргэд шүүмжилж “Сонгуульд биеэ бэлдэж байгаа бол Засаг дарга нарт машин өгөх биш, нутгийн иргэд рүү чиглэсэн тусламжийн ажил хийсэн нь түүнд хэрэгтэй.” гэх яриа тус аймагт өвсөнд тавьсан түймэр мэт тархав. Ер нь Б.Чулуунбаатарыг эртнээс нэр нөлөө бүхий бизнесменүүдтэй холбогдож УИХ-ын сонгуульд өрсөлдөх зам мөрөө засч эхэлсэн гэх яриа нэлээд дээхэн үеэс яригдаж эхлэхэд тэрбээр энэ бүхнийг үгүйсгэсэн хариултыг удаа дараа өгдөг байв.
Мөн Сү.Батболд Засгийн газрын тэргүүн байх үед нэр бүхий УИХ-ын хэд хэдэн гишүүнд “Nissan” маркийн автомашин бэлэглэж, өөрийн гэсэн тойрон хүрээлэгчдийг аль хэдийн бүрдүүлээд авсныг нь бизнесийн болон улстөрийн хүрээнийхэн өдгөө ч ярьдаг.
Тэрбээр нэгэнт аль хэдийн улстөрийн гэсэн өнгө аястай болсон учраас Төрийн өмчит компаниудад зарласан тендер бүрийг ногоон гэрлээр авдаг болсон гэх хардлага нь түүний хэр нөлөөтэйг харуулж буй хэрэг.
Тухайлбал өнгөрсөн оны сүүлээр Б.Чулуунбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ээлжит хурлын үеэрээ сэтгүүлчдэд “Түүнийг мөнгө угаасан болон их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэргээр шалгаж байгаа” хэмээн мэдээлж байсан. Гэтэл энэ хэрэг аажим ажимаар замхран нам жим болж байсан.
Тиймдээ ч алсын хараатай гэгддэг ноён Б.Чулуунбаатар улстөртэй холбогдохоор бизнес эрс найдвартай болдог гэх замыг сонгосон нь өнөөдрийн гарч буй хэргийн нэг ч гэж хэлж болохоор байгаа юм.
Юутай ч 70 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн ажил авчихаад улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх түүний хэргийн үйл явцыг олон нийт ажиглаж суугаа юм.
Гэсэн хэдий ч тэрбээр өөрийн зам мөрөө Сүхбаатар аймгаас засаад эхэлсэн байна шүү.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин