Одоогоор парламентын төвшинд хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлээгүй байгаа ч төсөл санаачилсан нь энэ талын бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүдийн хувьд том амжилт. УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс эхлүүлээд барууны орнуудаас зөв талдаа хүрдтэй үнэтэй автомашин оруулж ирдэг бизнесмэнүүд парламентад цөөнгүй бий. Санаж байгаа бол жил гаруйн өмнө хотын дарга Э.Бат-Үүл буруу талдаа хүрдтэй авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх санаачлага гаргаад нам дарагдсан даа. Түүний л ухархай одоо бүр хуульд суухаар орж ирж байна уу гэлтэй. Ингэж хардахаас өөр арга алга.
Нөгөөтэйгүүр, төсөл санаачлагчийн хувьд Монголд ашиглагдаж байгаа суудлын тэрэгний 60 хувийг буруу талдаа хүрдтэй авто машин эзлэх болсон нь ийм хууль боловсруулах сэдэл өгсөн бололтой юм. Мундаг сэтгэлгээ байгаа биз. Санаачлагчдын үзэж байгаагаар баруун талдаа хүрдтэй машин, зүүн талдаа хүрдтэй авто машины харьцаа ядаж л 50:50, бүр болдоггүй юм бол зөв талынх нь илүү л байх ёстой юм байна л даа.
Үнэндээ бол монголчууд япон тэргийг яагаад хамгийн ихээр сонирхож худалдан авдаг вэ. Нэгдүгээрт, үнэ нь хямд учраас. Хоёрт, чанартай болохоор. Гуравт, авто замууд чанаргүй баригддагаас авто машины эд ангийг эвддэг учраас эдэлгээг нь бодож сонголт хийдгийг парламентад суугаа гишүүд мэддэггүй бололтой юм. Мэддэг байж мэдэх ч бизнес нь хатгаад суулгадаггүй ч юм уу хэн мэдлээ дээ.
Иргэдийнхээ хэрэглээг мэддэгүй төрийн түшээдээс болж жирийн иргэд 2015 оноос унах унаагүй болж явгарах юм байна. Нэртэйгээр нь борчууд автомашин унаж болохгүй, баячууд авто машин унаж болно гэх хуулийн төсөл санаачилж, УИХ-аар баталбал таарна.
Үнэндээ монголчуудын 60 гаруй хувь нь буруу талдаа хүрдтэй автомашин хэрэглэж байна гэдэг нь тэр хэмжээгээр амьдрал дээшлээгүйг харуулж буй хэрэг. Түүнээс УИХ-ын гишүүдийн унаж давхиад байдаг шиг аюулгүйн баталгааг дээд зэргээр хангасан үнэ, цэнэтэй машиныг авч унах хүсэлгүй хүн хаа байх билээ. Даанч дийлэхгүй юм чинь яах юм. Авдаг цалин, хийж байгаа бизнесийнхээ хэмжээгээр авто машинаа худалдан авч ашигладгийг ойлгох хэрэгтэй.
Тэр тусмаа буруу талдаа хүрдтэй авто машинууд осолд өртөх нь их байна гэх гаргалгаа бол бүр төөрөгдөл. Гол нь энэ талын авто машины хэрэглээ өндөр байгаатай л холбоотой болов уу.
Ийм байтал бүхнийг өөрсдийнхөө нүдээр харж, ард иргэдийнхээ амьдралд гай болдогоо хэзээ болих вэ? Залхаж байна. Сонгуулийн үеэр та бүхэн “Нэр дэвшигч миний бие, сонгогч та бүхнийхээ төлөө боол мэт зүтгэнэ” гэх ам тангараг өгч байсан байх аа. Энэ үгээ амьдралд хэрэгжүүлж, иргэд, сонгогчийнхоо эрх ашгийг дээдэл.