ЖДҮ эрхлэгчдэд 11 тэрбум төгрөгийн зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

ЖДҮ эрхлэгчдэд 11 тэрбум төгрөгийн зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрийг төрийн оролцоотойгоор дэмжихийн тулд 2009 оноос жилийн долоон хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгосоор ирсэн. Ингэхдээ аль ч арилжааны банкнаас уян хатан зээлийн нөхцлийг санал болгох үндсэн зорилготой бөгөөд зээл хэрэгтэй хүндээ очихгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл энэ жилээс ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийг илүү ил тод болгохыг Хөдөлмөрийн яамнаас онцолсон. Энэ дагуу ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор иргэдээс материал хүлээн аваад дуусчээ.

Энэ талаар Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Дэд захирал А.Ганбатаас тодрууллаа.

-ЖДҮ эрхлэх чиглэлээр хэдэн иргэний материалыг хүлээн авч, хэдий хэмжээгээр зээл олгохоор болсон бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихээр хөнгөлөлттэй зээл олгохоор иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд сан дээрээ хүлээн авлаа. Ингээд 166 иргэн, аж ахуйн нэгжид нийт 11 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Энэ нь өмнөх жилүүдэд олгож байсан зээлийн хэмжээнээс хамгийн их нь болж байна. Бид ер нь 60-70 аж ахуйн нэгж, иргэнд зээл гаргана гэж тооцоолж байсан ч аль болох их хүмүүсийг хамруулахыг зорьж ийнхүү сонгон шалгаруулалт хийлээ.

-Зээлийн санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?

-Яг нэг эх сурвалжаас санхүүжилтээ шийдсэн гэж хэлэх боломжгүй. Ер нь урьд нь олгож байсан зээлийн эргэн төлөлтөөс бүрдсэн хөрөнгө болон Хөгжлийн банкны олгосон санхүүжилтээс 11 тэрбум төгрөг үлдсэнээс зээлээр өгөхөөр болсон юм.

-Дараа жил энэ зээлд зориулж хэдий хэмжээний санхүүжилт хийх бол?

-Дараа жил хэдий хэмжээний санхүүжилт оруулах нь одоогоор тодорхой бус байна. 

-Сангаас зээлээ авах эрхтэй болсон аж ахуйн нэгж, иргэд зээлээ хэрхэн авах вэ?

-Одоогийн байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах хүмүүс тэнцсэн гэсэн тодорхойлолт гаргуулж авч байна. Тодорхойлолт, бичиг баримтаа аваад арилжааны банкин дээрээ очиж, банкны шалгуурыг хангасны дүнд зээлээ авах юм. Зээл хүсэгчдийн хамгийн том асуудал бол барьцаа хөрөнгө. Мэдээж банкны шалгуур бол байх нь зайлшгүй. Үүнд зээл хүсэгчдэд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, барьцаа хөрөнгө дутагдалтай бол Зээлийн батлан даалтын санд хандаж, 60 хүртэлх хувиар батлан даалгах боломжтой.

-Орон нутгийн иргэд хэрхэн зээлээ авах вэ?

-Орон нутгийн иргэд зээлээ шийдүүлэхээр болсон бол мөн л банкиндаа хандана. Ингэхдээ хөдөө орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж харилцдаг банкнаасаа лавлаж тухайн нутагт нь байх салбар банкаар дамжуулж авах боломжтой.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж