Чингис хотын анхны ууган иргэн мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Чингис хотын анхны ууган иргэн мэндэлжээ

Хэнтий  аймгийн төв Өндөрхаан
хотыг Чингис хот болгох төслийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, иргэдийнхээ
санал сэтгэгдлийг сонсч хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Чингис
хот болгох тогтоолыг өчигдөр /11.19/ гаргасан.

Өвлийн эхэн сарын шинийн 16-ны Балжиннямтай билэгт сайн өдөр давхар нэгэн үйл явдал болжээ. Энэ өдөр Бэрх тосгоны иргэн 37 настай Гомбын Батжаргал 4500 гр хүү төрүүлжээ. Хүүгийн аав Г.Отгонбат нь Бэрх тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан бөгөөд уг гэр бүл хоёр охин хүүхэдтэй байжээ.

Чингис хотын анхны ууган иргэнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шинэ хотын ууган иргэн гэдэг утгаар бэлэгшээн хоёр өрөө шинэ байр бэлэглэхээр болжээ. Мөн "Хас", "ХААН" банк шинэ хотын ууган иргэнд мөнгөн хадгаламж нээж өгсөн байна.

Хүүгийн аав Г.Отгонбат хэлэхдээ: "Энэ билэгт сайн өдөр сайхан хүү төрүүлж өгсөн ханьдаа баярлаж байна. Манай гэр бүл хоёр охинтой. Хүү маань Чингис хотын ууган иргэн болж буйд туйлын их баяртай байна. Хүүгээ аймаг орон нутагтаа ихийг хийж бүтээх маш сайн хүн болгон хүмүүжүүлнэ" гэдгээ илэрхийлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн
62.1 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, 25
дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хэрлэн сумын иргэдийн
оролцоог ханган явуулсан санал асуулгын дүн, Хэрлэн сумын ИТХ-ын 2013
оны долдугаар сарын 14-ний өдрийн гуравдугаар хуралдааны IV тогтоолоор
ирүүлсэн саналыг аймгийн ИТХ-ын нээлттэй VI хуралдаанаар хэлэлцэж,
Өндөрхаан хотыг “Чингис” хэмээн нэрлэх тогтоол гаргажээ. Мөн тус
хуралдаанаар Хэрлэн сумыг Өндөрхаан сум гэж нэрлэхээр гаргасан иргэдийн
саналыг Засгийн газарт өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулахаар болсон
байна. 

Дархан-Уул, Эрдэнэт, Улаанбаатар гэсэн гурван хоттой байсан
Монгол Улс албан ёсны дөрвөн хоттой болж, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн
аймгийг албан ёсоор Чингис хот болгон нэрлэхээр тогтлоо. Мөн Чингис
хотын төвийг Өндөрхаан хэмээн нэрлэх ард иргэдийн саналыг Чингис хотын
ИТХ нь Засгийн газарт өргөн мэдүүлснээр, УИХ шийдвэрлэх юм.

Хэнтий
аймаг буюу Чингис хот нь 1930 онд байгуулагдаж, 70 гаруй мянган хүн
амтай, 17 сумаас бүрджээ. Хэнтий нурууны нэрнээс аймгийн төвийн нэрийг
нэрлэж байсан бөгөөд Эзэн Чингис хаан төрж өссөн нутаг хэмээн олон
эрдэмтэд ярьдаг билээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж