Олимпийн аваргыг маань “урхидах” гээд чадсангүй

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргыг маань “урхидах” гээд чадсангүй

ОХУ-ын “Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа “Локомотив” гэж томоохон клуб бий.

Тэднийхээс саяхан нэгэн бие төлөөлөгч Монголд ирж манай нэрт бөхийг маань өөртөө элсүүлж авах санал тавьсан сураг дуулдав.

Нэрт бөх гэдэг маань Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр юм.

“Локомотив”-ийн төлөөлөгч олимпийн аваргад клубынхээ саналыг танилцуулсан нь “Манай клубт дасгалжуулагчаар ирж ажиллана уу. Сард 1.5 сая рублийн цалин олгож байя” гэжээ. Энэ цалин нь тамирчдад Ерөнхийлөгчийн зарлигаар сар бүр хүртээж буй тэтгэлгийн бүтэн жилийнхтэй тэнцэх юм.

Гэвч баатар маань уг саналаас тун ухаалаг бултсан бололтой. “Би Монголын ард түмнийхээ тус дэмжлэгээр олимпийн хос медальтан болж төрөөс өндөр цол хүртсэн хүн. Тиймээс элгэн түмнийхээ итгэл найдварыг хадгалж явах учиртай хүн” гэж.

Н.Түвшинбаяраас өөр өнөө маргаашийг харсан хэн нэгэн байсан бол “Локомотив”-ийн хүн болох байж ч мэднэ. Тэгвэл спортын тоймчдын үзэж байгаагаар оросууд Н.Түвшинбаяраар зөвхөн дасгалжуулагч хийлгэх биш 2016 оны Бразилийн олимпод ОХУ-ын нэрийн өмнөөс барилдуулах гэж байгаа нь тэр гэж байна. Үнэн ч байж магадгүй.

Ямар ч гэсэн гадаадын мөнгө хөрөнгөтэй спортын клубүүд өөр улс орноос тамирчдыг цалин мөнгөөр “бугуйлдан” авдаг болсны нэг жишээ энэ. Олимпийн аварга маань тэдний цаламд өртсөнгүй ээ. Жинхэнэ монгол аварга гэдгээ харуулав.

Д.ЦЭРЭН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж