Хуулиас хүлээлттэй байгаа асуудлын нэг бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал. Нэг хэсэг Монголын нийт газар нутгийн 40 орчим хувь нь хайгуулын лицензээр худалдагдаж, үндсэндээ энэ хэсэгт ухаж сэндийчих эрхтэй болчихсон байсан юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг иргэн эзэмшиж, нэг хүний нэр дээр хэдэн зуугаар тоологдох лиценз нуугдаж, лицензийн наймаа цэцэглэх болсон. Тиймээс иргэний нэр дээр байгаа тусгай зөвшөөрлийг байгууллагын нэр дээр байршуулж, ашигт малтмалын хайгуулын “Х” лицензийг 2010 оноос хойш олгохыг хориглосон тогтоол гарсан. Ингэсний үр дүнд хайгуулын лиценз дөрөв дахин багассан тоог албаныхан хэлсэн юм. Гэхдээ хориглосон гэх албан яриаг хэлэх авч, газар дээрээ хайгуулын лицензийг мэр сэр олгож байгаа гэсэн шум энэ салбарт ажиллагсдаас гарсаар байсан.
Одоогоор улсын хэмжээнд ашигт малтмалын нийт 3100 гаруй лиценз хүчинтэй байгаагаас 1293 нь “А” лиценз буюу ашиглалтынх, 1818 нь “Х” буюу хайгуулых байна. Гэвч энэ нь бичил уурхайчид буюу “нинжа” нарын хайгуулыг оруулаагүй тоо. Оруулах гэвэл зах, замбараа нь ч олдохгүй биз. Энэ талаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Хайгуулын лицензийн тоо буурч байгаа ч ашиглалтын лицензийн тоо өсч байгаа. 2006 онд шинэчлэгдэн батлагдсан Ашигт малтмалын тухай хууль чөлөөт бус, хөрөнгө оруулагч нарт илүү боломж олгосон. Төр засгаас хөрөнгө оруулагч нарыг болон ард түмнийг аль алиныг хамгаалсан хууль гаргах байх ёстой” гэж ярьж байна.
Ашигт малтмалын хайгуулын “Х” лицензийг есөн жилээр олгодог байна. Одоогоор хайгуулын лиценз олголтыг зогсоосон ч урьд нь зөвшөөрлөө авсан байсан аж ахуйн нэгжүүдийн хугацаа нь дуусах дөхөж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр хайгуулын лиценз аваад олборлолт явуулдаг явдал ч бишгүй гардаг. Тиймээс хуучин хүчинтэй байгаа лицензүүдийг сунгах эсэх, шинээр хайгуулын лицензийг хэрхэн олгох, бүтээн байгуулалтыг цааш нь хэрхэн үргэлжлүүлэх асуудал хуримтлагдсаар байна. Энэ бүхэн дээр хэлсэнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль эцэслэн батлагдахад тодорхой болох учраас ийнхүү гадна, дотны хөрөнгө оруулагчид тусгай зөвшөөрлийн асуудал хэрхэн шийдэгдэх бол гэдгийг хүлээж байна.