“Хүүхдүүдийг улстөрдөө хутгаж байна”

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

“Хүүхдүүдийг улстөрдөө хутгаж байна”

Саяхан С-1 телевизийн “Унагалдайн мухлаг” нэвтрүүлэгт орсон хүүхэд Ерөнхий сайд шиг хүн болно гэж хэлснийг зарим хүмүүс улс төржүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Жаахан хүүхдийг улс төрд ашиглалаа гэж эцэг эхчүүд нь бухимдлаа илэрхийлсэн. Уг нэвтрүүлгийн хөтлөгч-найруулагч О. Долгорсүрэн ч гэсэн өөрийн зочин дөрвөн настай хүүхдийн яриаг улс төржүүлсэнд дургүйцэж тайлбар өглөө.

-Танайх чинь хүүхдийн нэвтрүүлэг хийдэг биз дээ. Давхар бас хүүхдээр дамжуулан улс төр хийдэг боллоо гэсэн ойлголтыг хүмүүст өгч байна л даа.

-Манайх зөвхөн хүүхдийн л нэвтрүүлэг хийдэг. Гэтэл үүнийг улс төрд ашигласанд харамсч байна. Өмнөх долоо хоногийн нэг дугаарт орсон хүүхэд Ерөнхий сайд шиг болно гэж мөрөөдлөө ярьсан юм. Манай нэвтрүүлэгт орсон хүүхдүүд янз бүрийн юм ярьж л байдаг. Гэтэл хүүхдийг яриаг улстөржүүлээд зарим хэвлэлүүдээр тарааж Ерөнхий сайдын нэр төрд халдах гэж оролдсонд харамсч байна.

-Хэдэн настай хүүхэд яг юу гэж ярьсан юм бэ?

-Дөрвөн настай хүүхэд. Ер нь одооны хүүхдүүд чинь айхтар болсон шүү дээ. Чи ямар хүн болох вэ гэхээр ажилчдаа загнадаг босс болно,  цагдаагийн дарга болоод хулгайчийг барина гэх мэт том хүн ч заримдаа сэтгэхгүй айхтар хариулт хэлдэг. Тэр хүүхдээс чи том болоод ямар ажил хийдэг хүн болох вэ гэж асуусан юм. Тэгэхэд “Ерөнхий сайд шигээ хүн болно” гэж ярьсан. Гэтэл энэ яриаг нь мушгиад Ерөнхий сайдын нэр төрд халдсан юм нийтлээд байх юм. Энгийн хүүхдийн нэвтрүүлгийг томруулаад, зүгээр ажлаа хийж явж байгаа хүний нэр хүндийг хүүхдийн үгээр улстөржүүлж унагах гээд  байгаад би үнэхээр гайхах юм.

-Хүүхэд юу ч ярьж болно. Ерөнхий сайд руу дайрахдаа дөрвөн настай хүү дээр дөрөөлж босч ирж байгаа хэрэг юм уу даа?

-Тийм юм байна л даа. Хамгийн гол нь хүүхдийн нэвтрүүлгийг сайн, муу аль ч талаар нь ашиглахгүй байвал зүгээр байна. Би гайхаад явж байна. Хүүхдүүд улс төр гэж мэдэхгүй шүү дээ, юу харж юу сонссоноо буруу солгойгүй бурж гардаг.
 
-Энэ нэвтрүүлэг цацагдсанаас хойш ямар хандлага ажиглагдаад байгаа юм?

-Дөрвөн настай хүүгийн яриаг мушгиж Ерөнхий сайд Тавантолгойг зарна гэсэн мессежийг өгсөн мэдээлэл  сонинууд дээр гарсан байна лээ. Үүнийг нь зарим нэг сайтууд тавьсан. Хүүхдийг ийм муухай улстөрдөө хутгаад зурагтай нь тавьж байгаад үнэхээр харамсч  байна. Тавантолгойн асуудлыг хүүхдийн яриатай холбож улс төржүүлж байгаа хүмүүс үнэхээр улайрчээ гэж бодож байна. Хүүхдийг бас, хүүхдийн нэвтрүүлгийг улс төрд ашиглахгүй байхыг энэ санааг сэдсэн хүмүүст уламжилж байна. Ард түмэн ч тэднийг ингэж утгагүй авирлаж байгаад зэвүүцэж бaйгаа байх. 

Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж