Премьер лигийн тоглолтыг зэрэг үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Премьер лигийн тоглолтыг зэрэг үзэх боломжтой

Премьер лигийн дөрвөн тоглолтыг зэрэг үзэх боломжтой

Монголын үзэгчид анх удаа Английн “Премьер лиг” болон “Аваргуудын лиг”-ийн тоглолтыг дөрөв, дөрвөөр нь шууд хүлээн авч үзэх боломжтой болсон. Энэ сайхан боломжийг спорт сонирхогчдодоо хүргэсэн телевиз бол “Sansar Premier sport” суваг юм. “Sansar HD box”-оор цацагдаж эхлээд удаагүй байгаа спортын төрөлжсөн дөрвөн сувгийн талаар үзэгчид ам сайтай байгаа.

Ингээд уншигч та бүхнийг телевизийнхэн, спорт сонирхогчдын дунд “Спорт Амараа” нэрээр танил болсон “Sansar premier sport” сувгийн продюсер Э.Амарсайхантай уулзуулъя.

-Монголд анх удаа спортын төрөлжсөн дөрвөн суваг цацагдаж эхэллээ. Мөн дамжуулж буй хөтөлбөрүүдээ бүгдийг нь албан ёсны онцгой эрхтэй авсан байгаа. Юуны түрүүнд “Sansarpriemer sport” сувгуудын онцлогийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. “SPS”суваг нь Монголын анхны спортын төрөлжсөн төлбөртэй суваг юм. Дэлхийн шилдэг спортын төрлүүдийн тэргүүн зэрэглэлийн тэмцээн уралдааныг албан ёсны эрхийн дагуу дуу, дүрсний өндөр чанартайгаар цацаж байгаа анхны суваг гэж ойлгож болно. Одоогоор манай суваг дэлхийн тэргүүн зэрэглэлийн спорт болох хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн Аваргуудын Лиг болон Английн Премьерлигээс гадна мэргэжлийн гольф, рейгбийн ДАШТ, мэргэжлийн бокс, снүүкер зэрэг манайхны үзэх дуртай спортын төрлүүдээс хамгийн том тэмцээнүүдийг нь гаргаж байна. Цаашдаа энэ төрлүүдийнхээ тоог нэмж чанараа сайжруулахаар ажиллаж байгаа.

-Монголын хөлбөмбөг сонирхогчид өмнөх жилүүдэд Английн Премьер лиг болон Аваргуудын лигийн тоглолтоос нэг юмуу хоёр тоглолт л хүлээн авч үздэг байсан. Харин “SPS” телевиз дөрвөн сувгаараа дөрвөн тоглолт шууд дамжуулах давуу талтай гэсэн?

-Тийм ээ. Английн “Премьер лиг”-ийн улирлын 380 тоглолтоос өмнө нь Монголын үзэгчид өөрийн болон гаднын сувгуудаас нийтдээ 110 тоглолт л үздэг байсан бол энэ жилээс “SPS” суваг нь албан ёсны онцгой эрхийг авсны үндсэн дээр 380 тоглолтыг бүгдийг нь үзүүлэх эрх, боломжтой болсон. Тухайн цагт дөрвөн тоглолт зэрэг явагдаж байх тохиолдолд бид дөрвөн сувгаараа монгол тайлбартайгаар хүргэнэ гэсэн үг л дээ. Аваргуудын лиг ч мөн адил. Энэ нь манай хэрэглэгчдэд ихээхэн таалагдса. Ёстой нөгөө “загатнасан газар нь майжсан” алхам, дэвшил болсон гэхүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр PGA-ийн “Австралийн мастерууд” гольф, мэргэжлийн бокс, рейгбигийн тэмцээнийг шууд дамжуулсан. Эдгээр тэмцээнийг Монголд анх удаа албан ёсны онцгой эрхтэй дамжуулсан уу?

-Тийм ээ. Манай сувгаар гарч байгаа тэмцээн уралдаанууд ямагт зохиогчийн эрхийн дагуу, албан ёсны эрхтэйгээр авсан тоглолтууд гэж ойлгож болно. Хөлбөмбөгийн том тэмцээнүүдээс эхлээд бид гольф, бокс, рейгбийн тэмцээнүүдийг албан ёсны эрхийн дагуу гаргалаа. Үзэгчдийн хүсэн хүлээж байсан дэлхийн шилдэг спортын төрлүүдийг Монгол тайлбартай үзнэ гэдэг магадгүй тав, 10 жилийн өмнө их л хол сонсогдож байсан байх л даа. Одоо бодит байдал дээр энэ нь хэрэгжиж байна.

-“SPS” телевизийн шинэ онд нэвтрүүлэх контент үзэгчдийн анхаарлыг татаж байна. Ямар спортыг түлхүү үзүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Мэдээж дэлхийн тэргүүн зэргийн спорт болсон хөлбөмбөг түүний том төлөөлөл болсон Английн Премьер лиг, Аваргуудын Лиг дээрээ дөрөөлөөд бусад спортын төрлүүдийн гоё сайхан, гайхамшгийг таниулах, хүргэх үүднээс теннис, триатлон, хөнгөн атлетик, шайбтай хоккей зэрэг төрлийн тэмцээн уралдаанаас оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Дотооддоо болж буй тэмцээн уралдааныг үзэх сонирхолтой үзэгчид багагүй байдаг. Танай телевиз дотооддоо зохиогдож буй тэмцээн уралдааныг шууд дамжуулах уу?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ эхний ээлжинд манай төлөвлөгөөнд дотоодын тэмцээн уралдаанууд бага орсон байгаа. Яваандаа дотоодын спорт руугаа түлхүү анхаарч магадгүй манай шууд эфирийн ихэнх цагийг ч дотоодын уралдаан тэмцээнүүд эзлэх нь дамжиггүй юм. Гол нь бид үзэгчдэдээ чанартай сайн бүтээгдэхүүн хүргэхийн тулд дуу, дүрсний өндөр чанартай хүрэх боломжтой тэр л тэмцээнүүдийг гаргана. Телевиз маань байгуулагдаад дөнгөж эхний жилдээ явж байгаа ч энэ жилдээ багтаад дотоодын спортын үйл явдлаас нэг, хоёрыг нь үзэгчдэдээ хүргэнэ гэж бодож байгаа.

-Баярлалаа. Танд болон танай телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

-Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж