Хоёр зуун мянгын халаалтгүй оромжноос эхлээд хоёр тэрбумын түрээстэй харшыг бусдад түрээслэхдээ татваргүйгээр түрээслүүлсээр. Гэтэл төрийн бодлого нь түрээсийн байранд толгой хоргодож, авдаг цалингаа бүгдийг нь түрээсийн төлбөрт гөвчихдөг нөхдөд биш хөрөнгөтөй, түрээсийн эздэд таатай боломжийг нь бүрдүүлсээр. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн багагүй хэсгийг энэ мэт түрээслүүлэгчид авсан гэдэг ч оргүй үг биш. Хувь түрээслүүлэгчдээс татвар тооцох боломж нөхцөл нь бүрдээгүй тул тэд эхний байрнуудын түрээсийн орлогоос дараагийнхаа “мөнгөний машин”-ыг босгоцгоосоор.
Бизнес хийж байгаа бүгд татвар төлж байхад тэд яагаад төлөхгүй үлдэнэ гэж. Гэвч “Архины үнэ нэмэгдэх нь гэж баярласан хүүхэддээ, та нарын талхны чинь л мөнгө хасагдаж байгаа юм шүү дээ” гэх эцгийн онигоо шигээр түрээслүүлэгчдэд ногдуулах татвар нь түрээслэгчдийн нуруун дээр буучихгүй байлгах зохицуулалтыг л шийдэх ёстой мэт. Мэдээж түрээсийн энэхүү харилцаа нь түрээслүүлэгчийн хүсэл зориг давамгайлсан байдаг тул татварынхаа төлбөрийг нэмээд л түрээслүүлэх нь бараг ойлгомжтой. Үүнийг харин хэрхэн шийдэх хэрэгтэй бол.
Ямартаа ч хандлага яривал, дэлхийн хотуудын татварын ихэнхи хувь нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос бүрддэг гэнэ. Гэтэл Улаанбаатар хотын маань нийт татварын 94 хувь нь орлогын албан татвараас бүрддэг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар 2,4 хувийг л бүрдүүлдэг гэхээр нэгийг хэлэх байх.