Ээжийгээ хүн баярлуулна гэж юу байхав, ижий л өөрөө баярладаг

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Ээжийгээ хүн баярлуулна гэж юу байхав, ижий л өөрөө баярладаг

ПААМПАРСНЫ АЗТАЙ ХҮҮХДҮҮД

Мартын
найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяр дөхөж байна. Би энэ  баярын
үеэр толгой руугаа том цагаан ша­нагаар учир зүггүй балбадаг
уламж­лалтай. Хүмүүс гайхан над руу анхаарлаа хандуулахаар нь,

-Социализмын
үед биднийг хор­воод мэндэлж байхад паам­парс байсангүй, даанч
хяс­лан­тай. Тэр үеийн Монгол Улсад амарж­­сан эх хүн, хүүхдээ
өл­гийтэй байх үед нь үүр шөнөөр босч нийтдээ дунджаар мянган удаа
(мянган шөнө биш шүү) хуурайлдаг бай­сан тухай НҮБ-аас судалгаа
гар­гажээ. Эхийн­хээ нойроо хугаслан босч хуу­райлсны ганцынх нь ч
болов ачийг, энэ яваа насандаа хэн ч хариулж чаддаггүй гэж Завханы
Галуутайн хүрээний Нанжаа ламтан хэлж байсан юм гэж цахиртуулна.

Намайг
гайхан харж байсан хү­мүүс дөлж зугтах байтугай хүрч ирэн янзаган хүрээ
үүсгэн тойрч суугаад “Аяа ямар үнэн үг хэл­нэ вэ, социализмын үеийн бид
хэзээ ч эхийнхээ ачийг хариулж чадахгүй хүмүүс ажээ. Эдүгээ цагийн
паампарсны хүүх­дүүд ямар азтай юм бэ” хэмээн бүгд хоороор дуу алдан
хоолой зан­гируулна. Тэгэхдээ тэд на­майг дуурайж толгой уруугаа том
шанагаар дэлсэхгүй л дээ. Харин асар удалгүй бүгд хоороор, ээ­жий­гээ
яаж баярлуулсан тухай ам уралдан хөөрч, сэтгэл хан­галуун элбэг дэлбэг
ярианд ум­бана. Би ч нэг мэдэхнээ тэдэнтэй өрсөлдөн, шанагаа газар
тавь­чи­хаад, миний бага залууд хорвоог ор­хисон хайрт ээжийгээ хэрхэн
баярлуулсан тухайгаа ярьж  эхэл­­дэг билээ.

ШҮҮДРИЙН ДУСЛААР ЧАНАСАН ЦАЙ

1980
оны дундуур Бавуугийн Лхагвасүрэн гуайн анхны “Уян­гын тойрог” гэдэг
яруу найргийн бэс­рэгхэн ном гарсан юм. Энэ номонд гарсан шүлгүүдийг
бараг л бичиг үсэг тайлагдсан хүн бүр тогтоож, хөдөө хотгүй цээжээр
унших боллоо. Дараахнаас нь, уншигчдын танил болсон яруу найрагч,
зохиолчид дээр нэ­мэг­дээд 35-аас доош насны Монголын бүх иргэн шүлэг
бичиж эхэллээ. Бавуугийн Лхагвасүрэн гуайг даган дуурайж шүлэглэгч­дийн
бүхэл бүтэн үе төрлөө. Кино жүжигчин Чарльз Чап­линг даган дуурайгчдын
тэмцээн зохиоход Чаплин өөрөө долдугаар байрт орсон тухай онигоо байдаг
юм, арай л тийм зүйл болсонгүй.

Яруу
найргийн допинг гэж бай­даг бол монголчууд бул­таа­раа хэрэглэчихэв үү
гэмээр олширсон төрмөл найрагчид бие биенээсээ ялгарахын тулд бүх
сэдвийг барьж авлаа. Хорвоо дээр юу байна бүгдийг, хорвоо дээр байхгүй
юмны тухай хүртэл шүлэглэв. Аав ээж, Ану хатан, ангийнхаа охин, идэж 
буй элсэн чихэр, Эзэн богд Чингис хаан гээд цааш хөвөрнө.

Эртний
уран зохиол Молом тойны намтарт, шүүдрийн дус­лаар ээждээ цай цанаж
өгвөл мян­ган удаа босч хуурайлсны ган­цынх нь ачийг хариулна гэж
айлдсан байдаг. Тэгэхээр эхийн ачийг 100 байтугай нэг хувь ч хариулж 
үл чадах агаад үсрээд 0.1 хувь болж байгаа биз. Нөгөө олон найрагч
маань энэ 0.1 хувийг яаж үлдээхэв, шүүдрийн дуслаар цай чанаж эхийн
ачийг хариулж болох талаар олон арван бүтээл туурвилаа. Маш баярлууштай
нь гэвэл, эдгээр нь хүмүүст санаа оноо өгч, бодит амьдралд хэрэгжих үүд
хаалга нээв. Ингээд тал, хээр, говь, гурван нутагт минь дүүрэн бай­гаа
шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгөхөөр олон хүн хөдөллөө. Би ч,
шүүдэр цуг­луу­лахад хамгийн тохиромжтой том цагаан шанага хэдийг
худалдан авч, ивээн тэтгэгчийн журмаар найзууддаа бэлэглэв. Миний,
тол­­гой руугаа нүддэг шанага чинь тэдний ижил байхгүй юу.

Ээждээ
шүүд­рийн дуслаар цай ча­наж өгсөн найзууд маань хожим хойно, хэмжээ нь
хэдэн ая­га болсон талаар наа­натай цаанатай, янз янз л  хэлдэг юм.
Харин Монгол Улсын ар­дын жүжигчин, ур­тын дуучин Ш.Чи­мэд­цэеэ шүүдэр
цуг­луулахад том шана­ганы талаас ахи­даг­гүй гэж ярьж байсан, үнэний
хувьтай бо­лов уу.

Айлын ганц охин,
алдарт дуучны маань төрсөн нутаг нь Алтан овоо, Шилийн богд, Ганга
нуур, Торой банди, Жаахан шарга дуурссан Сүхбаатар ай­маг. Ёстой
шүүдрийн дусал ша­нага шанагаар байвал байхаар өвс ногоотой газар
дэлхий билээ. Тэрээр,

-Их романтик,
залуу байж дээ. Ээжийнхээ ганцхан шөнө өн­дийж хөхүүлсэн ачийг
ха­риул­даг юм гэнэ лээ гэж сон­соод шүүдрийн дуслаар цай чанаж өгөх
юмсан гэж боддог байлаа. Тэр зун манайх Дов ухаа гэдэг газар зуссан.
Нэг өдөр шүүдэр цохиж үзье гэж  бодоод үүрээр шанаганы толгой бариад
гарлаа. Тэгэхэд их туршлагагүй явдал болсон байна лээ, уг нь том
брезент бариад явдаг байж гэж одоо боддог. Нар унины дундуур татаж байх
үед  буцаж ирсэн. Нэг их арвитай юм цуг­луулаагүй ээ, буцалгаад
ам­суулах төдий л жаахан цай бол­сон. Гэтэл ээж  маш их  баярлаж, бүхий
л өндийж хөхүүлсэн ачийг хариуллаа гэж  бодоорой гэж хэлсэн. Харин би
санаандаа хүртэл шүүдэр цуг­луулж чадаагүй болохоор сэтгэл жаахан
дундуур үлдсэн. Тий­мээс хожмоо ээждээ зориулж “Тэнгэр ээж минь өршөө”
гэдэг дууны шүлэг (Шүүдрийн мянган дуслын оронд сувдын мянган дуу
хэлхье, Аагтай шаргал цайны оронд амилуулж дуулсан дуугаа өргөе) бичсэн
юм. Ээж минь, ажлаа сайн хийгээд өөрөө л сайн явж байвал ээж аавынхаа
ачийг хариулсан гэж бодоорой гэж  захидаг байлаа. Одоогийн залууст
ээжийнхээ энэ үгийг хэлэх бай­на. Ер нь ээжийнхээ ачийг ха­риулах гээд
над шиг шүүдэр түү­гээд ч яах вэ хэмээн нэгэнтээ өгүүлсэн.

ЭРДЭНИЙН САН СУБАШИДЫН ҮЛГЭР МЭТ ТАЙЛБАР

Өнгөрсөн
жилийн Мартын найм­наар байх, төрийн шагналт Б.Лхагвасүрэн найрагч
теле­ви­зээр гарч  байв. Магадгүй өөр баяраар бил үү, сайн санахгүй
байна. Сэтгүүлч олон асуулт тавьж хариулт авлаа. Эхийн ачийг хариулах
тухай, шүүдрээр цай чанаж өгөх тухай сэдвийг ч тойрсонгүй. Нэвтрүүлгийн
хөт­лөгч төгсгөлд нь  түүнд  хандан, та ийм ийм алдар гавьяатай  гээд
цол гуншинг нь баахан дуудлаа. Тэгснээ ээжийгээ мөн ч олонтаа
баярлуулсан байж таараа гэх маягийн асуулт тавилаа. Б.Лхаг­васүрэн гуай,

-Ээжийгээ хүн баярлуулна гэж  юу байхав, ижий л өөрөө баярладаг болохоос гэж өгүүл­лээ.

Нэвтрүүлэг
тэгсгээд өндөр­лөө биз. Би  өөрийнхөө хамгийн дотнын нөхөр,  ухаан нь
гүй­цэг­дэхгүй учраас биширч явдаг Доторхүнтэй (нэр нь ийм боло­хоос
хятад биш шүү) уулзахаар чавхадлаа.Түүнээс,

-Бид
чинь, аравдугаар ангиа онц төгсөөд ээжээ баярлуулж яв­лаа, их сургууль
төгсөөд ажилд орж анхны цалингаа аваа­чиж өгч баярлуулсан… Арай л 
бай­гуулсан компаниа Дүүргийн тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгжээр
шалгаруулж ээ­жий­гээ баярлуулсан гэж тоолох нь шахуу явдаг хүмүүс.
Гэтэл Б.Лхагвасүрэн гуай юу хэлчихэв ээ гэж асуулаа. Доторхүн,

-VIII
Богд их сонин хүн байжээ. Хутагт хувилгаад, ноён ихэс дээдэс юм
асуухаар, би танд нэг үлгэр хэлж өгье гээд Эрдэнийн сан Субашидын
шүл­гийн тайлбараас ярьж өгдөг байж. Хариулт нь тэр, гүйцээ. Түүн лүгээ
адил би чамд тайл­барлахыг оролдъё гээд,

-Нас
чацуу балчир гурван хүү­гээ дагуулсан гурван эмэг­тэй Хүнгий голоос ус
авахаар ирээд эрэг дээр нь түр амран сууцгаажээ. Хүүхдүүд нь
са­хилгагүйтээд ээжүүдээ хоёр үг солиулдаггүй гэнэ. Тэгэхээр нь ээжүүд
өөрсдөдөө ярих чөлөө гаргахын тулд гурван хүүгээ нэлээд холоос
уралдуулахаар явуулсан байна. Тэд  нэг элсэн бөөрөгний наана оччихсон
“ээ­жээ, эндээс болох уу” гээд гурвуулаа хашгираад  байжээ. Ээжүүд нь
“болноо, болно” гэж хэлжээ. Хүүхдүүд эндээс бу­цаж уралдах юм уу хэмээн
асуухдаа өөр өөрийнхөө ээжийг дуудсан хэрэг. Тэр гурван эмэгтэй үг
солихоо ч умартан уралдаад ирж яваа үрсээ хүлээгээд зогсож байжээ.
Хүүхдүүд нь урд хойноо ороод, унаж босоод гүйгээд ирцгээж. Нэгд ирсэн
хүүхдийн ижий, миний хүү түрүүллээ гэж баярлаж үнсчээ. Хоёрт ирснийх нь
ижий, хүүгээ аман хүзүүнд уралдлаа гэж баярлаж үнсчээ. Гуравт ирснийх
нь ижий, миний хүү таварцаглаж унасан ч бусад хүүхдийн адил гүйгээд
ирлээ гэж баярлаж үнсчээ гэснээ нэмж,

-Тэгэхээр
Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн “Ээжийгээ хүн баярлуулна гэж  юу байхав,
ижий л өөрөө баярладаг” гэдэг чинь  гашуун ч  гэсэн үнэн юм даа гэлээ.

*   *   *

Мартын
найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байна. Би энэ баярын
үеэр толгой руугаа том цагаан ша­нагаар учир зүггүй балбадаг
уламжлалтай. Өчигдөр шанагаа үзсэн чинь толгой нь ишнээсээ салаад
уначихаж. Шанагаа ха­дуулах гэснээ болиод Бурхны га­зар, тэнгэрийн
оронд залрахаар одсон хийгээд  Дэлхий дайдад хүний хайлан болж яваа бүх
ижийд зориулан энэхүү нийтлэ­лийг тэрлэлээ.

СОЁРХОН УНШИНА  УУ,  Б.ЕРЭНТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж