МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Дээрхи хуулийн төслүүдийг ярихын өмнө алт хөтөлбөр Монголд ямар шатанд яаж хэрэгжиж ирсэн, ямар үүрэг гүйцэтгэж байсан талаар МАН-ын бүлэг нухацтай ярилцлаа. Сүүлийн үед Монгол Улсын хууль тогтоомжууд тогтворгүй байгаагаас Монголд үлддэг алтны хэмжээ буурсан, дотооддоо авч чаддаггүй, гадаад руу алддагаас шалтгаалан Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлууд яригдаж байгаа. Зарчмын хувьд алтны худалдаа олон нийтэд ил тод, ямар тохиолдолд хэн хариуцлага хүлээхийг дэмжиж байгаа. Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл бол татвартай холбоотой. Ялангуяа Монгол Улсад “Оюутолгой” ХХК-тай холбоотой асуудал яригдаж байгаа. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай хангалттай гэрээ хэлэлцээр, тохиромжтой татварын хөнгөлөлт эдлүүлдэг учраас дахин татвар, хөнгөлөлт эдлүүлэх шаардлагагүй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Энэ саналыг “Оюутолгой” ХХК өөрсдөө гаргасан үгүйг мэдэхгүй ч Засгийн газар энэ саналыг тавьж байгаа нь төсөвт ихээхэн хэмжээний дутагдал бий болох талтай. Монгол Улс өөрөө валютын бололцоотой байвал алтыг заавал “Оюутолгой” ХХК-аас худалдаж авах шаардалагүй гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсгүүд ажиллаж байгаа учраас энэ хариуг авч үзээд дахин хэлэлцэх эсэхийг ярилцана” гэлээ. Өөрөөр хэлбэл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа, харин Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжихгүй байгаагаа МАН-ын бүлэг илэрхийллээ.
Мөн энэ долоо хоногт Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуулийн байгууллага, шүүхийн тогтолцоонд гараад байгаа нэг гажуудал бол гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй байхад барьж хорих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу хэрэг хийсэн юм шиг ярьдаг, нэр төрд нь халддаг, хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг байдал үүсээд байгааг МАН-ын бүлэг онцлон хэлэлцжээ. Цагдаа, хууль хяналтын байгууллага хүнийг шалгаж, мэдүүлэг авч болох ч албан тушаалтанууд нь хэрэг хийсэн, тогтоогдсон юм шиг ярьж, олон нийтэд ойлгуулдаг байдаг үүсээд байгааг шүүмжилсэн.