УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрөгч долоо хоногт өгсөн. Түүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхээс Р.Амаржаргал гишүүнээрээ үлдэх үү, нөхөн сонгууль явуулах уу гэдэг шалтгаална. Энэ талаар АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар тодорхой тайлбар хийгээгүй байгаа. Түүний хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэх талаар УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатараас тодруулахад “Тодорхой хугацаа байхгүй. Энэ асуудлыг эхлээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Хэзээ хэлэлцэх талаар мэдээлэл алга. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй” гэх хариулт өглөө.
Р.Амаржаргал гишүүн яагаад дээрх шийдвэрийг гаргасан талаар нэгдсэн мэдэгдэл хийнэ гэх мэдээлэл байсан ч өнөөдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.
С.ОТГОН