Өмнөхөөсөө онцлог гэж байгаа энэ удаагийн номын дуунаас өмнө ямар байсан. Бахь байдгаараа л байсан. Сэтгүүлчид хэн нэгний бууны нохой болж, хэн нэгнийг бялдуучлан байж амьдардаг байсан. Редакци болгон дотоод либералийг төдийлөн дэмждэггүй байсан. Сэтгүүлч жинхэнэ утгаараа сэтгүүлч үү эсвэл реклам хөцөөлдөгчийн дүрд тоглодог нэг ёсны менежер үү гэдгийг төдийлөн ялгаж, салгахгүй байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчид болоод мөнгөтэй нэгний гарт байсан, одоо ч бий. Бид өчнөөн олон холбоод, Сэтгүүлчдийн эвлэл гэх том байгууллагатай ч шүүхэд дуудагдах сэтгүүлчдийн тоо буурсангүй. Дагаад хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо ч буураагүй. Гэсэн атлаа аль нь ч дампуураагүй. Эсвэл тэд бага зах зээлд мөнгө босгох гайхалтай уран ухаантай. Нэг бол мөнгөтэй бүлэглэл бүрийн халаасанд орсон болохоор юу ч хэлж чадахгүй байгаа ч байж болно. Өмнө нь бид час улаан өнгөөр илэрхийлэгддэг байсан бол одоо цэв цэнхэр өнгөөр илэрхийлэгдэх боллоо. Нэг ёсондоо өнгөөр будагдаж эхэлсэн. Гэтэл бидэнд Дани, АНУ, НҮБ, Европийн сэтгүүлчдийн холбоо, Англи гээд сэтгүүл зүй аль хэдийнэ буурь суусан гүрнүүд тусалж, элдэв янзын сургалт өчнөөнийг зохион байгуулсан. Сургалтанд хэр зэрэг хамрагдсанаараа чөлөөтэй болчихдог бол бид аль хэдийнэ чөдөр, тушаагүй байх байлаа.
"Глоб Интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал:
-Сэтгүүлч хүн яг өнөөгийн байдлаар хэлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа. Энэ эрх нь л хязгаарлагдмал байгаагаас болоод олон нийт сэтгүүлчдэд итгэхгүй байгаа юм шүү дээ.
"Өнөөдөр" сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар:
-“Өмнө нь олон сургалтанд хамрагдаж байсан ч энэ удаагийн сургалт олон талыг хамарч чадсан. Германд очиход сургалт удирдсан багш маань ийм үг хэлсэн. Редакцийн дүрэм гэдэг бол сэтгүүлчдийн диваажин юм”
NTV телевиз М.Уламбадрах:
–“Бид өмнө нь яг л нинжа нар шиг ажиллаж байж. Хүний талбайд түмпэн бариад орж ирж байгаатай ямар ч ялгаагүй байсан. Нэг ёсондоо буруу замаар явж байж. Үүнийг ажилтнууддаа ойлгуулах, цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар бодсон юм бий”
Редакци сэтгүүлчдийг реклам олгогч гэж төсөөлж, улстөрчид сэтгүүлчдийг нохойд барьдаг модоор төсөөлж, хэрэглэгчид биднийг мөнгө өгсөнд нь худалдагддаг “биеэ үнэлэгчид” гэж ойлгодог өнөөх л хэвшмэл ойлголт улам бат суусан хэвээрээ. Бид өөрсөд шигээ канондсон хувилбар бэлдмээргүй байна. Хэвлэлийн өөрийн зохицуулалт, хүчтэй эвлэл холбоод хэзээ гарч ирэхийг хүлээсэн хэвээр. Хуучин системээр хүмүүжсэн багш нар шинэ цагийн сэтгүүл зүйн боловсон хүчинг бэлтгэсэн хэвээр. Чөдөртэй чөлөөт сэтгүүл зүй яг л гадас шиг байрандаа улам бат шигдсээр. Өнгөрсөн 30 гаруй жил бид Белги, Герман, Нидерландын туршлагыг судалж байна. Сэтгүүлчид ихийг ойлгосон. Харамсалтай нь хууль боловсруулан батлагчдад тэр бүхнийг хүлээн зөвшөөрөх зорилго байв ч зориг алга.
Редакцийн дүрэм, журам гэдэг сэтгүүлчдийн диваажин гэдгийг, редакцийн дотоод хяналт, хавчлага огт байж болохгүй гэдгийг, сэтгүүл зүйд мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой гэдгийг, шинэ цагийн сэтгүүл зүйд шинэ сэтгүүлчид ажиллах ёстой гэдгийг хэн хүнгүй ярьдаг ч хэрэг дээрээ тийм болгохыг хүсдэггүй. Шинэ мянганд шилжээд 13 жил өнгөрч байхад бид энэ бүгдийг одоо ч ярьсаар л байна. Одоо юу дутуу байна вэ… Энэ асуултын хариу тодорхой. Зүгээр л хэрэгжүүлээд өг. Сэтгүүлчдэд боломж олго. Бугшмал сэтгэлгээндээ салхи оруул.
Залуухан сэтгүүлчийн хувиар хэлэхэд, энэ өөрчлөлтийг өөрчилж чадвал монголын сэтгүүл зүйд мөнгө авдаг, мөнгө өгдөг, мөнгө өгөөгүйг нь “балбадаг” тогтолцоо үгүй болно. Үүндээ ч бид дасчээ. Одоо гадас шиг энэ ойлголт хөрсөнд гүн шигдэхээс нь өмнө суга татах хэрэгтэй. Энэ хандлагаа өөрчлөх гэж сэтгүүлчид дор бүрнээ мэрийж байна. Хуучинсаг нэг нь сэтгүүлчдийг, одоогийн боловсролын тогтолцоог муулдаг. Гэхдээ үнэндээ үүнд улстөрчид буруутай. Ингэхдээ янз бүрээр л гоочилдог. Мэдлэггүй, боловсролгүй байна. Шинэ байна гэдэг. “Шинэков” гэгдэх залуус бид та нарыг л харин хүлээе.
“Шинэхэн” сэтгүүлч Б.Болорсүх “авцалдаагүй”-г хэлхэв.