2013 оны зорилтын биелэлтийн танилцуулга хийв

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

2013 оны зорилтын биелэлтийн танилцуулга хийв

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2013 оны биелэлт 86,1 хувьтай байна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 11 сарын 18-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлт”-ийн талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулга хийлээ.

Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11-р сарын 15-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор “нийслэлийн Засаг даргын Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй гэсэн 5А бүлэг, 23 чиглэлийн 123 заалттай  мөрийн хөтөлбөр”-ийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Тогтоолын дагуу мөрийн хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 оны 11 сарын байдлаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт 86,1 хувьтай байна.

Бүлэг бүрээр хэрэгжүүлж буй ажлуудаас нэг чиглэлийг онцлон товч танилцуулвал:

1. Агаар цэвэр Улаанбаатар
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр

· Улаанбаатар хотод 4 байршилд 6,0 га талбайд нуур цөөрөм, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн, зураг төслийг боловсруулж, 2013 онд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Мөн хотын төвийн цэцэрлэгүүдийг орчин үеийн хотын нийтлэг стандарт, шаардлагад нийцүүлэн тухайлбал, Хувьсгалчдын цэцэрлэг, Хонхтой цэцэрлэг, Учралын болон Явуугийн цэцэрлэг гэх мэт цэцэрлэгүүдийг шинэчлэх ажлыг зохион байгуулаад байна.

· Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг үе шаттайгаар зүлэгжүүлэх буюу хатуу хучилттай болгох журам гаргаж, хотын төвийн 24 байршлын 51,5 га талбайг зүлэгжүүлэх, 200,000 ширхэг амьд цэцгийг тарих зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

· Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд  2011 оноос эхлэн  128000   гаруй эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлсэн байна.  Үүнээс 2013 онд нийт 25000 эрчим хүчний хэмнэлттэй зуухыг нийлүүлээд байна.

2. Амины сууцтай Улаанбаатар

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр

· 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхэлж, эхний ээлжинд 20 байршлыг сонгон төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Одоогийн байдлаар төсөлд нийт 7 дүүргийн 1313,8 га талбай, 11161 нэгж талбарт 54250 хүн хамрагдаад байна.

·Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг АХБ-ны санхүүжилттэй 1,5 сая ам.долларын техникийн туслалцааны хүрээнд бэлэн болгоод байна. Мөн тус ажлын хүрээнд АХБ-наас 320 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийгдэж байна.
 

3. Ажилтай, орлоготой Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

  • 2013 онд Нийслэлийн хэмжээнд 55.5 мянган иргэн байнгын болон түр ажлын байртай болсон.
  • Нийт бүртгэлтэй иргэдийн 2.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 38 хувийг тохирох ажилд зуучилсан.


4. Аюулгүй, амгалан Улаанбаатар

Авто зам, тээврийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр

  • Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр 2013 онд Монгол улсын төсөв, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилт, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн нийт 221.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 88 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
  • Энэ онд 44 байршилд 145,56 км автозамыг шинээр болон шинэчилж барьжээ.

5. Авлигагүй Улаанбаатар

  • Нийслэлийн 34 хороонд Иргэний танхимыг шинээр байгуулан “Авлигын эсрэг хамтдаа” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад 4 бүлэг, 20 арга хэмжээ бүхий  “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө”-г батлуулан мөрдөн ажиллаж байна.
  • Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрүүдийг www.ulaanbaatar.mn, www.1234.ub.mn сайтууд дээр байршуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй   хүргэж  байна.
  • “Улаанбаатар сонсож байна” – Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийг ажиллуулж, 1200 болон 1234 тусгай дугаарын утас, www.ub1200.mn, www.ub1234.mn цахим хуудсуудаар иргэдэд нээлттэй үйлчилж байна. Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр, тайланг хагас бүтэн жилээр гаргаж, тогтмол тайлагнаж байна.
  • Нийслэлийн орон нутгийн 2013 оны 1, 2, 3, 4, 5, 6-р сарын орлогын мэдээ болон  Нийслэлийн дүүргийн төсвийн зарлагын гүйцэтгэлийн 1,2-р сарын мэдээнүүдийг www.ulaanbaatar.mn сайтанд иргэдэд хүргэхээр  нээлттэй байршууллаа.

Цаашид нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилттэй уялдуулан төлөвлөх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрэх үн дүнг нарийн тооцож тодорхойлох шаардлагатай гэдгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлтийн
талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг www.ulaanbaatar.mn сайтаас татаж авна
уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж