Италийн тансаг зэрэглэлийн Canali брэнд саяхан Монгол дахь дэлгүүрээ Ханбүргэдэй их дэлгүүрт нээсэнтэй холбогдуулан Canali группын худалдаа хариуцсан захирал ноён Пауло Каналитай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Canali брэнд 80-аад жилийн турш эрчүүдийн ертөнцийг байлдан дагуулахад юу гол нөлөө үзүүлсэн гэж та хэлэх вэ?
-Баярлалаа, таны хэлсэнчлэн үнэхээр Canali 79 жилийн туршид Итали эрчүүдийн ганган хээнцэр байдлын үлгэр жишээ нь байсаар ирсэн юм. 1934 оноос эхлэн өв уламжлал, өвөрмөц чанар, уран нарийн хийц зэрэг өөрийн гэсэн үнэт зүйлсийг бий болгож чадсан нь эрчүүдийн ертөнцөд нэр хүнд олж Canali брэнд алдаршсан гэж хэлж болно. Бид бүхэн брэндээ хөгжүүлэх явцдаа бүтээгдэхүүнээ амилуулдаг гол бүрэлдэхүүн хэсгүүд болон үндсэн зарчмаасаа хэзээ ч ухралгүй, бүх хүчээ дайчлан чин сэтгэлээсээ ажилласаар ирсэн. Манай бүх үйлдвэрүүд Италид байрладаг. Бид бүхэн үйлдвэрийнхээ уран оёдолчид болон чадварлаг гар урчуудын маань гараар бүтсэн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнээрээ болон Итали улсын гэдгээрээ бахархдаг. Италид үйлдвэрлэв хэмээн дуу нэгтэйгээр баталсан Canali брэнд эрхэмсэг, ажил хэрэгч дэгжин эрчүүдэд өөртөө итгэх итгэл өөдрөг тэмүүлэл эрч хүч дагуулдаг гэдэгт бид итгэдэг.
Хамгийн гол нь дээд зэргийн уран хийцийн уламжлалтай төдийгүй хамгийн онцгой хувцаснуудыг та бүхэнд санал болгохын тулд үргэлж шинийг эрэлхийлэх болно гэдэгтээ итгэл дүүрэн байна. Түүнчлэн бидний баримталдаг нэг зарчим бол үйлдвэрлэлийн зардал болон материалын орцоо бууруулахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх юмуу гадаадад үйлдвэрлэлээ нээхийг зорьдоггүй юм. Бид цаг үргэлж урлагийн бүтээл бүтээхээр нэгдмэл хүсэл тэмүүлэл, урам зориг дүүрэн ажилладаг. Ингэхдээ байнга өсч хөгжихийг зорилгоо болгож энэ явцдаа ч зах зээлд эзлэх байр суурь болон өөрсдийн үнэт зүйлсдээ анхаарал хандуулсаар байх болно гэдгийг онцолж хэлмээр байна.
-Канали-ийн хувьд дараа жил 80 нас хүрэх юм байна. Гайхалтай түүхтэй компанийн хувьд чухал ач холбогдолтой жил болох байхдаа?
-Дараа жил бид уламжлал болон хийц загварын ертөнцөд эргэлт буцалтгүй орж өөрийн орон зайгаа баттай эзэлсний 80 жилийн ойгоо тэмдэглэх болно. Гэхдээ бид хэрхэн тэмдэглэх, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар одоо ярих нь хараахан эрт байна.
-Канали юугаараа бусад брэндүүдээсээ ялгарах вэ?
-Тансаг зэрэглэлийн брэнд байна гэдэг нь чанарын онцгой байдлаа үргэлж хадгална гэсэн үг юм. “Canali” бол чанарын хувьд дээд зэргийн манлайлагч. Бид өөрсдийн уламжлалын ялгарах онцгой байдал болох чанар, үнэт зүйл, чамин тансаг, уламжлалт байдал, Италид үйлдвэрлэв, өв уламжлал зэрэгтээ бүх хүчээ дайчлан ажилладаг. Цаг үеийн хандлага, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага, үргэлж агуу байх хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанарын хяналтыг тогтмол хийдэг. Түүхий эд материалаа авмагц түүнийг эсгэхийн өмнө чанарын хяналтын бүхий л шат дамжлагаар 3 өдрийн турш дахин хянагдана. Өөр нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох хүрэмний хувьд хэв маяг болон материалын чанарыг сайжруулахын тулд морины дэл, тэмээний зогдорыг материалын бүрэлдэхүүнд оруулан оёдог онцлогтой. Энэ мэтчилэн “Canali” брэнд бусад брэндээс ялгарах онцлог, давуу тал олон.
-Canali брэндийг хэрэглэдэг эрчүүдийг тодорхойлооч гэвэл та юу хэлэхсэн бол?
-Манай хэрэглэгчид өөртөө итгэлтэй эрчүүд байдаг. Тэд ямар ч нөхцөлд зохицох, тааламжтай мэдрэмж төрүүлэх, мөн ихэмсэг, тансаг байдлыг хүсэмжилдэг. Хэрэглэгчид маань чиг хандлагыг дагахаас илүүтэйгээр чанарыг илүүд үзэж, дэгжин, загварлаг, ухаалаг харагдах байдлаараа ч ялгардаг бас үнэ цэнэ болон уламжлалыг илүүд үздэг. Нэг үгээр хэлбэл хэрэглэгчид маань бусдаас онцгой сонголтоороо өөрийгөө илэрхийлж чаддаг.
-Та 2013 оны намар өвлийн коллекцийнхоо онцлогийг тайлбарлана уу?
-Манай намар өвлийн коллекци олон улсын загварын ерөнхий чиг хандлагыг тусгахын зэрэгцээ Италийн хувцасны өвөрмөц шинжүүдийг онцлон харуулахыг зорьсон билээ. Санкт-Петербургийн барууны мэдрэмж, тансаг байдал, Италийн сонирхол татам уран барилгын гайхамшгийг илтгэн харуулах чамин дэгжин агаад бусдаас ялгарах онцлог шинжийг төлөөлөх өнгө болон материалаар өөртөө итгэлтэй загварыг бид бүтээсэн. Марк Ротко болон Соня Делоне нарын хосгүй гайхамшигт зурагны өнгийг тусгасан улаан хүрэн, хар улаан, хөх цэнхэр, ногоон цэнхэр, ногоолин өнгө бүхий хамгийн сүүлийн үеийн дээд зэргийн тансаг материал болох ноолуур, хамба хилэн, лам гөрөөсний ноосоор хийсэн бүтээгдэхүүн коллекцид багтсан. Бүх коллекцуудаа биед эвтэйхэн, галбир гаргасан, цэмцгэр агаад ажил хэрэгч байдлыг гайхалтай хослуулан бүтээснийг онцолж хэлэх хэрэгтэй болов уу.
-Эрчүүдийн хувцасны шүүгээнд ямар хувцас зайлшгүй байх ёстой вэ?
-Зайлшгүй байх ёстой хувцасны нэг бол давхар энгэртэй костюм юм. Энэ нь дээд зэргийн дэгжин хээнцэр байдлыг илэрхийлэх бөгөөд албан ёсны бүх төрлийн үйл ажиллагаанд зохицдог. Түүнчлэн өдөр тутмын хувцсанд ч зохимжтой. Зуны цагт даавуун өмд, өвлийн цагт хилэн өмдтэй хослуулан өмсөж болох цагаан цамцыг үхрийн ширэн гуталтай өмсвөл тун загварлаг харагдах болно.
-Монголын зах зээлд брэндийнхээ хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монголын зах зээлд манай брэнд хөгжих нөөц, боломж бий. Монголын эдийн засгийн хурдацтай хөгжил, соёлтой хэрэглэгчид Canali брэндийг та бүхний хэрэглээ болгож хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Костюм авахаар сонирхож байгаа Монгол эрчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ? Сайн хослолыг хэрхэн өөртөө тохируулан таньж авах вэ?
-Чанар бол хамгийн чухал зүйл бөгөөд тансаг материал, төгс эсгүүрээс гадна товчны нүхний торгон утсан оёдол, зах болон халаасны дотор талын материал зэрэг жижиг деталиуд бүгд онцлох зүйл юм. Биед яг таарсан, мөрийг тодотгон харуулах костюмыг сонгох нь зүйтэй. Мөн хүрэм нь таны цээжинд эвтэйхэн агаад яв цав тохирохоор байх ёстой. Тэгээд хамгийн чухал зүйл бол та тав тухыг мэдэрч байх ёстой. Энэ нь таны дотоод мөн чанарыг тусган харуулахаас гадна жинхэнэ чанартай бөгөөд хээнцэр, загварлаг, соёлтой байдлыг тодотгож өгөх болно.