Европын холбоо Монголыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.17-нд нийтлэгдсэн

Европын холбоо Монголыг урьж байна

– Хэлэлцээний үеэр ноён М.Баррозо Монгол Улсыг GSP+ буюу хөнгөлөлтийн схемд үргэлжлүүлэн хамруулах болсныг мэдэгдлээ. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн Европын зах зээлд татваргүй нэвтрэх юм-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Баррозо албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирээд байна.

Монгол Улс Европын холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хорь гаруй жилийн хугацаанд тус холбооны Ерөнхийлөгчийн төвшинд Монголд анх удаа айлчлал хийж буй юм. Тэр дундаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад чухал нөлөөтэй Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталсны дараахан хэрэгжиж байгаа айлчлал. Хоёр талын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг энэ онд дөрөвдүгээр сард эцэслэсэн ба үүнээс өмнө 1993 онд байгуулсан Худалдаа, эдийн засгийн хамтын хэлэлцээрийн хүрээнд талууд амжилттай ажиллаж ирсэн юм. Хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эхлүүлж байсан ерээд оны эхэн үеэс хойш нийгэм, эдийн засгийн орчин өөрчлөгдөж, хамтын ажиллагааны цар хүрээ, хэлбэр ч өргөжсөн учраас шинэ шатны харилцааг тусгасан баримт бичиг байгуулах шаардлагатай гэж талууд үзсэн учраас энэ онд тийнхүү Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын Ерөнхийлөгч М.Барроза нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, дээрх түншлэлийн гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ажил хэрэгч санал, санаачилгуудаа харилцан харилцан танилцуулж, ярилцсан байна. Энэ үеэр ноён М.Баррозогийн зүгээс олон сайхан ажил хэргийн санал дэвшүүлснийг Ерөнхий Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд онцлон хэлсэн юм. Хоёр талын харилцааг цаашид “зөөлөн дэд бүтэц” хэлбэрээр буюу боловсрол шинжлэх ухаан, судалгаа, инноваци, эдийн засаг зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцсан байна.

Хэлэлцээний үеэр ноён М.Баррозо Монгол Улсыг GSP+ буюу хөнгөлөлтийн схемд үргэлжлүүлэн хамруулахаар болж байгаа талаар мэдэгдсэн байна. Энэ нь Европын холбооны улсуудаас бусад оронд олгодог хөнгөлөлтийн схем бөгөөд үүнд хамрагдсанаар Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн тус бүс нутагт татваргүй нэвтрэх эрхтэй болдог аж. Энэ жилийн хувьд Европын холбоо ердөө есөн оронд энэ эрхийг олгосноос гадна манайтай нэг бүс нутгийн олон орон энэ схемээс хасагдсан нь бидний өрсөлдөх чадварын нэмэгдүүлж байгаа төдийгүй боломжоо ашиглаж чадвал асар том зах зээл өмнө маань нээгдэж буй хэрэг гэж Гадаад, харилцааны сайд Л.Болд ярьж байна. Мөн Европын холбоо Монгол Улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс ерээд оноос хойш үзүүлсээр ирсэн тусламжийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлж, 100 сая ам.долларт хүргэж байгааг ноён М.Баррозо хэлэлцээний үеэр мэдэгдсэн байна.

Хэлэлцээний үеэр бас нэг асуудлыг хөндөн ярилцсан нь Монгол Улсыг Европын холбооны “зах зээлийн бус эдийн засагтай жагсаалт”-аас гаргах асуудлыг эцэслэн шийдвэрлэх, дээд боловсролын нэгдсэн стандарт “Болоны конвенци”-д хамтруулах чиглэлээр ажиллах тухай байв.

ДНБ-ий 80 гаруй хувийг нь хувийн хэвшил үйлдвэрлэдэг, чөлөөт зах зээлийн харилцаанд бүрэн шилжсэн Монгол Улсыг дээрх жагсаалтаас гаргах нь цаашдын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ахиц гаргах нэг чухал алхам гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн онцолсон юм. Мөн европын стандартыг Монгол Улс авч хэрэгжүүлэх саналыг олон жилийн өмнөөс тавьж ажиллаж байгаа ч тодорхой зүйл хийгдээгүйг ноён Л.Пүрэвсүрэн хэлээд цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид энэ асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллана гэлээ.


Ноён М.Баррозо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн өргөтгөсөн хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ үеэр айлчлал болон хоёр хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хойд Солонгос улсад хийсэн айлчлалыг хэрхэн харж байгаагаа дурдаад амжсан. Тэрбээр “Монгол Улс бидэнд нийтлэг эрх ашиг, нэгдсэн үнэт зүйлтэй, ардчиллын замаар тууштай замнаж амжилтад хүрч байгааг сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд амжилттай ажиллаж байгаагаар, дүүн дотроо АОХН-ийг амжилттай даргалснаас харж болно” гээд мөн Хойд Солонгостой тогтоосон хамтын ажиллагаандаа ахиц гаргаж, бүс нутагтаа ардчиллын хөгжлийн үлгэр, загвар болж байгаа хэмээн онцолсон юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

З.ОРГИЛУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж