Мануэл Баррозогийн айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.17-нд нийтлэгдсэн

Мануэл Баррозогийн айлчлал эхэллээ

Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозогийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал эхэллээ

Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозогийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал өнөө өглөө эхэллээ.

Эзэн Чингисийн талбайд Төрийн хүндэт харуул, морьт цэрэг, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн жагсч, Монгол Улсын төрийн далбаа, Европын холбооны далбааг мандуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг угтан авав.

Ноён Жозе Мануэл Баррозогийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал нь Европын холбооны зүгээс хийж буй анхны өндөр хэмжээний айлчлал болж байгаа юм. Албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркус Эдэрэр, Европын комиссын Гадаад харилцааны албаны гүйцэтгэх ерөнхий захирал Дэвид О-Салливан, Европын комиссын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, гадаад бодлогын зөвлөх Хюго Собрал, Европын комиссын Ерөнхийлөгчийн Тамгын газрын гишүүн Михаэл Карничниг, Рикардо Боргэс дэ Кастро болон албаны бусад хүмүүс багтжээ.

Угтах ёслолд Монгол Улсад гадаад орнуудаас суугаа дипломат корпусын төлөөлөл оролцлоо. Албан ёсны угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Төрийн ордны Баганат танхимд Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж