Үндэсний зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Үндэсний зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Том төрөөс ухаалаг төр рүү" Үндэсний зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Урьд өмнө болж байгаагүй үндэсний хэмжээний уг уулзалтад шийдвэр
гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн
төлөөлөгчид оролцохоос гадна дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл,
мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн
хэмжээнд оролцуулсан юм. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Шийдвэр гаргагчдын, Бизнес эрхлэгчдийн, Орон нутгийн төлөөллийн, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн, Хэвлэл, мэдээллийн төлөөллийн гэсэн таван салбар хуралдааныг хуралдуулж, тус тусаас гаргасан зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тодруулбал,

Шийдвэр гаргагчдын салбар хуралдааны зөвлөмж, дүгнэлтийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан юм. Тус салбар хуралдаанд оролцогчдын олонх нь  Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх санал гаргажээ. Түүнчлэн Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуультай болох, лиценз зөвшөөрлийг төрийн албаны тухай хуулиар зохицуулах, төрийн сангийн үйл ажиллагааг арилжааны банкинд шилжүүлэх, намын гишүүнчлэл, санхүүжилтийг хуульчлах, Сонгуулийн тухай хууль батлах, төрийн алба мэдээллийн технологийг өргөн  хэрэглэх зэрэг олон санал гарчээ. Оролцогчдын гаргасан саналыг шийдэх боломжтой дарааллаар нь жагсааж, эхлээд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

Харин Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааны санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан. Бизнес  эрхлэгчдийн төлөөлөл том төрөөс ухаалаг төр рүү шилжих  санаачилгыг 100 хувь дэмжсэн байна. Салбар хуралдаанаас улсын өмчийг хувьчлах хөтөлбөрийг өргөн  хүрээнд  зохион байгуулах саналыг олонх нь гаргасан байна. Өөрөөр хэлбэл, төр бизнес хийхээ болих, ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах нь зөв гэж үзжээ. Мөн татварын орчны хяналтыг сайжруулах, шинэ татварын хууль гаргахаас татгалзах, 2014 онд  Засгийн газар Үнэ тогтворжуулах хөтөлбөрт онцгой анхаарах, саяхан баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх, дагалдах дүрэм журмыг яаралтай боловсруулах  зэрэг бүтээлч саналууд гаргасан байна.

Мөн хэвлэл мэдээллийнхний төлөөлөл оролцсон салбар хуралдаанаас ухаалаг төртэй болох чиглэлд бодлогоо хандуулж, дэмжиж ажиллахаа  илэрхийлсэн бол Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдаанаас төрийн зарим чиг үүргийг ТББ-д  өгөх, ухаалаг төрийн бодлого боловсруулахад эрдэмтэн судлаачдыг түлхүү оролцуулах зэрэг саналууд олон  гарсан  байна.

Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааны санал дүгнэлтийг Хотын дарга Э.Бат-Үүл танилцуулсан. Тус салбар хуралдаанд оролцогчид орон нутаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага иргэддээ үйлчилдэг байгууллага болох саналыг түлхүү гаргажээ. Ингэхийн тулд орон нутгийн төр захиргааны  байгууллагыг нэгдсэн интернэтийн сүлжээнд холбох  нь нэг чухал алхам болно гэж үзсэн байна. Хамгийн гол нь хороо нь иргэндээ, дүүрэг нь хороондоо, нийслэл нь дүүрэгтээ, Засгийн газар нь нийслэлдээ үйлчлэх тогтолцоо руу шилжих  нь ухаалаг төр бий болохын үндэс суурь гэж салбар хуралдаанд оролцогчид дүгнэжээ.

Ийнхүү салбар хуралдаануудын дүгнэлт танилцуулсны дараа үндэсний  хэмжээний зөвлөлдөх уулзалтыг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснээр  “Том төрөөс ухаалаг төр лүү” уулзалт өндөрлөлөө.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж