Ухаалаг төр яагаад хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Ухаалаг төр яагаад хэрэгтэй вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй  “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт салбар хуралдаанаар  үргэлжилж байна.  Шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид,  орон нутгийн, эрдэмтэн судлаачдын, хэвлэл мэдээллийн төлөөллийн гэсэн таван салбар хуралдаан Төрийн ордонд  хаалттай болж байгаа юм. Энэ үеэр зөвлөлдөх уулзалтад оролцогчдоос ухаалаг төрийн талаарх үзэл бодол, байр суурийг нь сонирхлоо.

УИХ-ын гишүүн Сү.Батболд: Төрийн бүтэц данхайсан нь үнэн

-Агуулга нь чухал гэж бодож байна. Төр өөрийгөө том, эрх мэдэлтэй гэж төсөөлдөг, төрийн бүтэц данхайсан нь үнэн. Нарийндаа бол төр ард түмэндээ үйлчилдэг, тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдэг болох ёстой юм. Энэ утгаараа өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа гэж харж байна. Одоо ярих биш ажил болгох цаг болсон. Хууль тогтоомжоо өөрчилж, шинэчлэх, хэрэгжүүлэх, хяналт тавихыг цогцоор нь хийж байж ухаалаг төрийн  талаарх ойлголт, хандлага бий болно.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Төрд хүнд суртал газар авсан

-Олон шинэтгэл хийх шаардлагатай байгаагийн дотор төрийн байгууллагын шинэчлэл чухалд тооцогдож байна. Ашиг сонирхлын зөрчилгүй, авлигагүй, үрэлгэн биш цомхон төсөвтэй төртэй болохыг цаг үе шаардаж байна. Ямар өөрчлөл хийх вэ гэдэг загвар зураг, чиглэлээ гаргахад зөвлөлдөх уулзалтын ач холбогдол оршиж байгаа. Төрд хүнд суртал газар авснаас нэр хүнд нь унасан. Төр байх ёстой гэдэг ойлголтоос илүү дэлхийн өрсөлдөөнд ард түмнээ хамгаалж үлдэх чадавхитэй төртэй болох нь чухал. Давхацсан чиг үүрэг, албан тушаал, зардлыг алга болгомоор байна.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Сэтгэлгээгээ өөрчлөх нь хамгийн том алхам
 
-Ухаалаг төртэ болохын тулд сэтгэлгээгээ өөрчлөхөөс эхэлнэ. Төр хоцрогдсон аргаар ажиллаж байна гэдэг шүүмжлэл гэнэт өнөөдөр гарч ирээгүй. Төрийн алба, улс төрийн албан тушаалтан хоёрын зааг ялгааг гаргамаар байна. Төрийн алба бол улс төр хийх талбар биш, жинхэнэ мэргэшсэн байх  ёстой. Төр өөрөө араг яс нь байж тэнцвэрийг хадгалдаг байх хэрэгтэй. Гэтэл танил тал, улс төрийн намын харьяаллын хүмүүс  төрийн албанд ордог болсон. Энэ бол том алдаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж