
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр хоёр чулуу шидсэний улмаас долоон байгууллагыг шатааж, улсад 11 тэрбум 637 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр дөрвөн жилийн ял авч, улмаар Дээд шүүхт давж заалдан суллагдсан Ц.Занданхүү Ерөнхийлөгчид өөрийн хэргийг шударга шүүхээр шүүлгэж өгөхийг хүссэн өргөдөл гаргаад байсан билээ. Түүнийг өнөөдөр Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр түүний хүсэлтийн дагуу хэргийг сэргээлгэж дахин хянах асуудлаар прокурорын байгууллагад албан ёсоор хандахаар болжээ. Ц.Занданхүү нь үймээний үеэр МАХН-ын төв байрны ойролцоо байсан ч огт чулуу шидээгүй гэж хэлж байна. Түүнийг ямар ч нотлох баримтгүйгээр ялалсан аж. Энэ талаар шат шатны прокуроруудад гомдол гаргасан ч хүлээж аваагүй юм. Тиймээс өөрийн нэр төрийн сэргээлгэхээр Ерөнхийлөгчид хандсан нь энэ аж.
Шинээр томилогдсон Ерөнхий прокурор Д.Дорлигжав дөрвөн иргэний амь насыг хөнөөсөн цагдаа нарын хэргийг сэргээхээ мэдэгдээд удаагүй байхад долдугаар сарын 1-тэй холбоотой дахин нэг хэрэг түүнд ийнхүү хаяглажээ.
Л.ХАЛИУ