
“Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Төрөө хэрхэн тогтвортой байлгах, эдийн засгаа хэрхэн өсгөх асуудалд чиглэж буй тус зөвлөгөөнийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжихэд ямар алхам хийх талаар илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс онцлох ишлэлүүдийг хүргэе.
“…Ухаалаг төр гэдэг: Өнгөрснөөсөө сайныг нь авчихдаг, өнөөдрийнхөө шаардлагыг биелүүлчихдэг, ирээдүйгээ зөв төлөвлөөд харчихдаг байхыг л хэлнэ”
“…Хуулийн тогтолцоо, нээлттэй Ардчилсан тогтолцоо, ухаалаг төр. Социализмийн уед уриа лоозон цээжилдэг байсан шиг энэ гурвыг цээжил”
“…Төр бизнест хувь эзэмших хэрэггүй гэдгийг Оюутолгойн 34% маш сайн харуулж байна”
“…Шинэ юм гэдэг хуучнаасаа салах л хэрэг байдаг”
“…Манай төр хянах самбар нь ажиллахгүй онгоцтой адил болжээ.
“…1911 онд Монгол Улс таван яамтай эхэлсэн, 1998 онд есөн яамтай байсан, 2013 онд харин 16 яамтай болсон”
“…Төр бол хүнд суртал бойжуулдаг “Асрамжийн газар” биш. Төрд орсон л бол насаараа, тэтгэвэрт гартлаа ажиллах ёсгүй”
"…Төсвийн хөрөнгөөр зөвхөн дотоодын бараа үйлчилгээг л авна."
“…Шинэ бүтэц рүү орохыг хэн эсэргүүцдэг вэ гэвэл хуучин бүтцээс хувьдаа ашиг хийдэг байсан хүмүүс л эсэргүүцдэг”
“…Төр их өмч эзэмшдэг биш, иргэдээсээ өмч, үйлчилгээг нь турээсэлдэг болъе”
“…Нийслэл Хангарьд ордноо зараад өөрсдөө шинэ эзнээс түрээсэлж ажиллах ёстой”
“…Монголд хамгийн дарлагдсан хүмүүс бол бизнес эрхлэгчид”
“…Бид дараагийн үедээ ухаалаг төрийг хүлээлгэж өгөх хэрэгтэй. Бүхэл бүтэн шинэ үе, дараагийн үе ирж байна”
“…Ухаалаг төр бол чадвартай хүмүүсийн л ажлын талбар байх ёстой”
"…Иргэд бизнест оролцдоггүй, сонирхлын зөрчилгүй төрийг хүсч байна.
Байцаагч, даргын шахаа гээд бизнесийг дарамталдаг тогтолцоо байна. ДНБ
дэх төсвийн зардал 2014 онд 7.3 их наяд буюу 41.1 хувь болсон. Өнгөрсөн
нэг жилд бид 1,5 тэрбум ам.долларын буюу 2.5 их наяд төгрөгийн
хохиролтой өнгөрлөө. Өмнөд Солонгос "Ухаалаг төртэй болно" гэдэг зорилт
тавьсан. Монгол ч ингэх хэрэгтэй. Мэдээллийн нэгдсэн сантай, иргэдээ
дэмжиж, хамгийн оновчтой шийддэгээр нь ухаалаг төрийг таньж болно. Ийм
төрд диспетчер хэрэгтэй"
“…Ухаалаг төр бол нэг том хаалганы цаана олон хүн суух биш, цахимжсан
сүлжээ, технологийн дэвшлийг сайн ашиглаж байхыг хэлж байгаа юм. Нэг
жишээ хэлэхэд бид өнгөрсөн сонгуулийг хүмүүсийн хэлдгээр “хар машин”-аар
хийсэн. Маш амжилттай явагдсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл,
сонгуулийн дараа ямар нэгэн будлиантай гэсэн асуудал үүсээгүй.
Киргизстаны Ерөнхийлөгч хүртэл надтай уулзах үеэрээ Монгол Улсын
сонгууль их тайван, шударга явагдлаа гэж хэлж байсан. Тэгэхээр ухаалаг
төрийг бүтээхийн тулд хар зургаар биш, технологийн дэвшлээр бүтээх
хэрэгтэй”