Зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгч үг хэлж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгч үг хэлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй  “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт  Төрийн ордноо эхэллээ.

Шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл  нийт 800 орчим хүн оролцож буй зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  нээж, “Энэ уулзалтаар амжилт ололтоос  илүү алдаа, тулгамдаж буй асуудал, хөгжилд хүрэх арга замыг тодорхойлох нь  чухал” хэмээн зөвлөгөөний гол ач холбогдлыг тодорхойлов. Тэрбээр мөн үндэсний зөвлөгөөний хөтөлбөрийг танилцуулсан юм.

Харин одоо зөвлөгөөнийг санаачлагч Ц.Элбэгдорж индэрт үг хэлж байна. Тэрбээр Монгол Улс дэлхийн  улсуудтай харьцуулахад аль төвшинд байгааг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргасан судалгаанд үндэслэн тайлбарлалаа. Тэрбээр “Монгол Улсад тулгамдаж буй асуудал нь  нэг Засгийн газар, улс төрийн аль нэг нам, төрийн байгууллагын шийдэх  зүйл биш. Энэ бол бид бүгдийн дундын зовлон. Үүнийг хамтдаа шийдэх ёстой. Үндэсний зөвлөлдөх уулзалт хийж байгаагийн зорилго нь эдийн засгаа хэрхэн өсгөх, төрөө яаж тогтвортой байлгах вэ гэдэгт чиглэж байгаа” гэсэн юм.

Ерөнхийлөгч үг хэлж дууссаны дараа зөвлөлдөх уулзалт таван салбар хуралдаанаар үргэлжилнэ. Тодруулбал, Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус хөтлөн явуулах юм байна.  Салбар хуралдаануудаас санал зөвлөмж гаргах бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах аж.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж