Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх, явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Хан-Уул дүүргийн 12-р хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-нд, 10-р хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт 19-ний өдөр тус тус явуулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Баянгол дүүргийн 22, 23-р хороонд энэ сарын 26, 27-ны өдөр тус тус, Сүхбаатар дүүргийн 13-р хорооны “Санколл” өрхийн эмнэлэгт 21-ний өдөр, харин Баянзүрх дүүргийн 20-р хорооны “Нова” өрхийн эмнэлэг, 11-р хорооны Хонхорын өрхийн эмнэлэгүүдэд 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын нэгний хооронд ажиллахаар болжээ. Сонгинохайрхан дүүргийн 22, 23 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд 11 сарын18-аас эхлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл явуулын үйлчилгээ үзүүлэх бол Чингэлтэй дүүргийн Салхитын “Ундрах ирээдүй” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-наас 22-ны өдөр ХДХВ-ийн халдвар илрүүлэх үйлчилгээг үзүүлэх юм.
Дээрх өдрүүдэд өглөөний 10 цагаас 16 цагийн хооронд ирсэн хүн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна бичиг баримт шаардахгүй ажээ.