БНСУ-ын иргэд Монгол Улсад хууль бус аргаар олсон мөнгөөрөө бизнес хийх, хууль зөрчих тохиолдол гарсаар байна. БНСУ-д хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жи Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монгол Улсад оруулж ирэн мөнгө угааж байсан нь тогтоогджээ. Тэрбээр Өмнөд Солонгост мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн нэгэн юм байна. Хууль бусаар олсон мөнгөө Монгол руу илгээж, Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн гэгч хүлээн авдаг байжээ. Тэрбээр Ан Жэ Манийн явуулсан хууль бус мөнгөнөөс Баянбүрдийн тойргийн ойролцоо “Ричфилд” хэмээх зочид буудал бариулсан байсныг БНСУ-ын хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон байна. Ли Жэй Гүн нь уг барилгыг хууль бус мөнгөөр барьсан болохыг мэдсээр байж өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын иргэнд худалдсан нь тогтоогджээ.
“Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн нь толгойлогчийнхоо данс руу 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдоод байна. Тиймээс Ли Жэй Гүн нарыг Эрүүгийн хуулийн 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр хэрэгт татаж, “Ричфилд” зочид буудлыг битүүмжлээд байна. Ийм төрлийн хэрэг үйлдсэн бол үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасны дагуу мөнгө угаах замаар олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгох ёстой юм.
С.ОТГОН