Н.Батцэрэг: Төсвийн үр өгөөж дээр анхаарах ёстой

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Төсвийн үр өгөөж дээр анхаарах ёстой

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг баталсан билээ. Ирэх оны төсөв батлагдсантай холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх оны төсвийн онцлог болон шүүмжлэлтэй зүйлүүд юу байв?

-2014 оны төсөв өнөөгийн нөхцөл байдал, цаг үетэйгээ таарсан төсөв болсон. 2013 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, экспортод гаргадаг бүтээгдэхүүний хэмжээ багасч, гадаад зах зээл дээрх үнэ буурсан. Үүнээс болж улсын төсвөөс 1,2 их наяд төгрөгийн орлого тасарч, бид 2013 оны төсөвт тодотгол хийсэн. Тийм ч учраас 2014 оны төсвийн тухай хуульд хэмнэлттэй байх ёстой гэсэн гол зарчим баримталсан. Тухайлбал, урсгал зардлыг 15 орчим хувиар буруулсан, хөрөнгө оруулалтын зардалд шинэ зүйлийг гаргаж тавьсан гэж бодож байна. Хуучин он дамжин төсөвт өртөг нь нэмэгддэг,  үнийн дүнг өсгөж байсан буруу зуршлыг халж чадсан. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор Үндэсний аудитын газар 144 барилга, объектод шалгалт хийхээр болсон. Дээрээс нь 96 аж ахуйн нэгжид мөнгөн дүн нь батлагдсан ч газрын маргаантай, техник нөхцөл авагдаагүй, гүйцэтгэгч компани шалгаруулаагүй зэрэг зохисгүй зүйл байсныг царцаасан. Хуучин нөхцөл байдал үүсвэл тухайн оныхоо төсөвт тодотгол хийдэг байсан бол энэ удаад хаврын чуулганы эхэнд төсвийн тодотголоо хийхээр болж байна. Энэ нь энэ жилийн төсвийн нэг онцлог. Үүнээс гадна 2008 оноос эхлэн төсөл хөтөлбөрт суурилан төсөвөө баталж байгаа. Гэхдээ үүн дээр бас учир дутагдалтай зүйл байна. Тухайлбал, төсвөөр хүрч байгаа үр дүн, чанар, гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд нь бүрхэг орхигдож байна. УИХ төсөв батлахдаа онцгой эрхтэйгээр баталдаг. Тэгэхээр төсөв баталж байгаа байгууллага нь төсвийг хэрэгжүүлэх, зохион байгуулж байгаа шат шатны байгууллагын ажлын гүйцэтгэл, чанарт тусгайлан анхаарах ёстой ч сул байна. Үүнийг дараагийн төсөв, төсвийн тодотгол хэлэлцэхдээ төсвийн үр өгөөж тал дээр илүү анхаарал тавих шаардлага байгааг энэ жилийн төсвөөс олж харсан нь бас нэг чухал ач холбогдол юм.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан гадаад өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувьд барих заалт унасан. Энэ нь хөрөнгө оруулалт багасна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа?

-Манай бүлэг, миний хувьд Засгийн газрын зээлийн хэмжээг ДНБ-ний 60 хувьд байх нь зохист харьцаа байж чадна гэсэн байр суурьтай байсан. Харамсалтай нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь УИХ-ын гишүүн 2/3 нь баталдаг хуультай учраас ирц хүрэхгүй шалтгаанаар унасан. Хуучин буюу 40 хувиараа үлдэж байна. Хэрэв өөрчлөлт оруулсан бол  өртэй болох, улс дампуурах, санхүүгийн чадваргүй байдалд орох болгоомжлол байсан. Нөгөө талдаа өрийн хэмжээг нэмэгдүүлэх саналтай байсан гишүүд манай улс жилийн жилд эдийн засгийн өсөлтийн жил гайгүй байна. Энэ өсөлтийг хадгалахын тулд санхүүгийн шинэ эх үүсвэрүүд хэрэгтэй. Эдийн засгаа тэлэх бодлого барих ёстой гэж үзэж байсан. Энэ асуудал дээр Засгийн газраас Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай боловсруулан оруулж ирэх ёстой гэсэн зарчим барьж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар өөр санаачилга гаргах байх гэж бодож байна. Хамгийн чухал нь дотоод экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай.

-Долларын ханш одоо 1700 давсан байгаа  ч 1384 болгож  барина гэдгийг Засгийн газраас оруулж ирсэн. Энэ боломжтой юу?

-Ханшийг хэн нэгэн дураараа тогтоохгүй. Мэргэжлийн байгууллага болох Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам олон жилийн судалгааны дундаж, харьцах харьцаа зэргийг судалж, оруулж ирсэн. Бид энэ асуудал дээр улстөржиж хувийн санал  гаргаж болохгүй. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж