
Монгол Улсын иргэд Хятад, Тайвань, Хонгконг зэрэг улсаас их хэмжээний шүр, сувд, байгалийн үнэт чулуун эдлэл хулгайлсан хэргүүд гарсан байна. Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Шинжинь хотод зохион байгуулсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас 10 сая юань буюу 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий сувдан эдлэлийг Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлж, Монгол Улсын хилээр хууль бусаар оруулан хадгалж байсныг УМБГ-ын ажилтнууд илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 6480 грамм 3089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн нил чулуу буюу амитисыг эд мөрийн баримтаар хураан авч, Эрүүгийн хуулийн 145.4 буюу Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад Э.Мөнхбат нь өнгөрсөн жил Тайванийн Тайпей хотын үнэт эдлэлийн дэлгүүрээс шүрэн эдлэл хулгайлсан нь мөн тогтоогджээ.
Түүнчлэн Монгол Улсын иргэн Д гэгч өнгөрсөн оны 5-6 сард Хонконгт болсон олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нийтдээ 19 ширхэг хэлхээ, 1396 грамм шүр хулгайлан, Монголд оруулж ирснийг илрүүлэн шалгаж байна.
С.ОТГОН