
Кот Д’Ивуарын шигшээ баг өнөөдөр дэлхийн аваргын “G” хэсэгт эхний тоглолтоо хийнэ. Энэ тоглолтод гэмтэлтэй байгаа супер довтлогч Дидье Дрогба оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Эмч нарын гаргасан дүгнэлтээр бол гэмтэл нь харьцангуй хурдан илааршиж байгаа ч Португальтай хийх тоглолтод хэрэв оролцоно гэвэл хугархай гараа шохойдуулах шаардлагатай гэнэ. Тэгвэл гипстэй гартай тоглогчийг талбайд гаргах эсэхийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо шийдэх аж. Хуралдаанаар хэрвээ нааштай хариу гарвал Дрогба ямар ч асуудалгүй талбайд гарч хөгжөөн дэмжигчдээ баярлуулах нь. Кот Д’Ивуарын ерөнхий дасгалжуулагч Свен Горан Эриксон ч FIFA-гийн шийдвэрийг хүлээж байна. Ямартай ч түүнийг талбайд гарна гэдэгт итгэж байгаагаа тэр ярьжээ. Премьер лигийн мэргэн бууч Дидье Дрогба энэ сарын 4-нд Японтой хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр довтлогч Маркус Тулио Танакатай мөргөлдөж, гараа хугалсан юм. Энэ явдалд Япон хамгаалагчийг буруутгаж, тэнэг бүдүүлэг, хүнлэг бус үйлдэл гэх нэг хэсэг байхад зарим нь огт өөр байр суурьтай байгаа юм. “Хөлбөмбөг бол харилцан уялдаа холбоотой спорт. Тиймээс бэртэл гэмтэл байнга л шахуу тохиолддог. Дрогбагийн гэмтэлд хэн нэгнийг буруутгах хэрэггүй” гэсэн тайлбарыг Зааны ясан эрэгийн дасгалжуулагч ноён Эрикссон өгсөн юм.