Төрийн мөнгөний бодлогыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Өчигдөр үдээс хойш болсон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Төрөөс 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан.

Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн бодит салбарын идэвхжилийг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжиж, улмаар эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэх юм байна. Монголбанк ирэх оны эцэст инфляцийг 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрэхгүй түвшинд байлгах зорилт тавьжээ.

Төсвийн тогтвортой байдлыг тууштай хангасан, гадаад валютын урсгалыг сайжруулсан орчинд инфляцийг бууруулах, дотоодын үйлдвэрлэл, бодит секторын идэвхжлийг дэмжих энэхүү бодлогын үр дүн нь улам нэмэгдэхийг хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид онцолж байгаа юм.  

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон, С.Дэмбэрэл гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг мөнгөний бодлогын төслийг удаа дараа, ихээхэн нухацтай хэлэлцэж, бүтээлч бөгөөд шинэлэг саналууд дэвшүүлэн, тэдгээрийг УИХ-ын тогтоол, мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ. Ийнхүү төслийг нухацтай, алсын хараатай, зарчмын асуудлыг сайтар тусгаж боловсруулсны үр дүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлууд, УИХ-ын нэгдсэн хуралдаануудаар гишүүд мөнгөний бодлогыг санал нэгтэй дэмжиж батлаад байна.

Тухайлбал, санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгууртай, зохистой болгож, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх чиглэл бүхий, дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр болсон байна.

Дээрх байгууллагууд хамтран “Зээлийн хүү буурах орчинг бүрдүүлэх” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, жижиг, дунд бизнесийн болон бичил санхүүжилтийг дэмжиж ажиллах, валютын арилжааны шинэ тогтолцоог бий болгох, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг үр дүнтэй институци болгох зэрэг чухал заалтууд УИХ-ын тогтоолд тусчээ.

Мөн УИХ-ын тогтоолоор гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрт иж бүрэн шинжилгээ хийх, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, арга хэрэгслийг зах зээлийн механизмд суурилсан хэлбэрт шат дараатай шилжүүлэх, хяналтын тогтолцоогоо сайжруулах, өрсөлдөөний шударга бус орчин бий болохоос сэргийлэх, хөтөлбөрийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газарт даалгажээ. Энэ нь 2014 онд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурч, нийт инфляци бага байхад чухлаар нөлөөлнө гэж УИХ-ын гишүүд үзсэн байна.

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд туссанаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох, улмаар төгрөгийн тогтвортой байдал буюу төгрөгөөр илэрхийлэгдсэн бараа, ажил, үйлчилгээний үнийн тогтвортой байдлыг хангах болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчмыг Монголбанк үргэлжлүүлэн баримтлахаар болжээ. Түүнчлэн, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэх зорилт тусгалаа олжээ.

Эдгээрээс гадна банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд нийт зургаан заалт төрийн мөнгөний бодлогод тусгагдсан байна.

Чуулганы үеэр УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл “Төвбанк өмнө нь голдуу эдийн засгаас мөнгө татах замаар инфляцитай тэмцдэг байсан бол энэ жил эсрэгээрээ, мөнгөний нийлүүлэлтээр дамжуулан бодит сектороо дэмжиж, энэ нь ч үр дүнгээ өгч инфляци буурсан. Зарим гишүүд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоомоор байна гэсэн санал хэлсэн. УИХ-аас Монголбанкинд хийсэн шалгалтаар Монголбанк хууль, тогтоомж зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон.  Дээрээс нь УИХ өөрөө нийлүүлэлтийн гаралтай инфляцитай тэмц, энэ чиглэлээр Засгийн газартай хамтарч ажилла гэдэг даалгаврыг Монголбанкинд өгч, 2013 оны мөнгөний бодлогыг баталсан шүү дээ. Монголбанк хийсэн судалгааныхаа үр дүн манай улсад нийлүүлэлтийн гаралтай инфляци их байна гэж дүгнээд энэ хөтөлбөрийг гаргасан. Инфляцийг 8 хувьд барьж чадах эсэх нь зөвхөн Монголбанкны асуудал биш. Засгийн газар, Монголбанк энд хамтарч ажиллаж байж инфляцийн дарамтыг бууруулах учиртай” гэж онцолж байлаа.

Ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэж, батлах үеэр Энэ жил харин ч эдийн засгийн төлөв, хандлагаа бодитоор харсан, бүтцийн шинжтэй томоохон шинэчлэлийг зорьсон, ажил хэрэгч, бүтээлч хэлэлцүүлэг зонхилсныг бид харлаа. Харин одоо Төрийн холбогдох байгууллагууд маань мөнгөний бодлогыг баталсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, Монголбанк 2014 оны мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх л үлдлээ.

Б.ТУЛГА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж