Орчуулагч: СЭЗДС-ийн мастерын
хөтөлбөрийн оюутан Ц.Дэлгэрхангай
1552 онд Казан, 1556 онд Астраханы Хант
Улсуудыг байлдан эзэлсэн Москвагийн Вант Улсын хил цаашдаа ч энэ эрчээрээ
үргэлжлэн хурдацтай тэлсээр байв. Ялангуяа Сибир нутаг Москвагийн
анхаарлын төвд байсан юм. Сибирт амьдарч байсан олон жижиг овог аймгийг мускет
буугаар зэвсэглэсэн хөлсний цэргүүдээс бүрдсэн жижиг отрядууд хялбархан буулган
авч ангийн арьсаар алба гувчуур авч байв. Эдгээр байлдан дагуулал нь Москвагийн
хувьд томоохон орлогын эх үүсвэр болоод зогсохгүй XVI зууны Москвагийн ноёдод
тэдний зүүх дуртай байсан элдэв цол хэргэмээр нэрээ чимэх боломжийг нээж өгдөг
байжээ.
Зүүн зүг чиглэсэн энэхүү өргөжилтийн явцад
Москвачууд анх удаа Ойрадуудтай учирсан юм. Дундад Азийн Түрэг хэлт овог
аймгуудын жишгээр Москва ч мөн Ойрадын олон овог аймгийг ерөнхийд нь Халимагууд
гэж нэрлэх болжээ. 1574 онд Догшин Иван Хааны зүгээс худалдаачин Строгановын
гэр бүлд илгээсэн зарлигт Бухар, Халимаг, Хасагийн худалдаачдыг Сибирт
байгуулагдсан Москвагийн хотуудад татваргүй чөлөөтэй нэвтрүүлж байхаар
захирамжилсан байдаг. Хэдий тийм боловч 1606 оныг хүртэл Москвагийн эрх
мэдэлтнүүд Ойрадуудтай шууд харилцаа тогтоож байгаагүй байна.
XVI зууны эцсээр Ойрадууд, Хасагийн Тевеккел
Хаан болоод Халхын Алтан Хааны зүгээс олон удаа хүчтэй цохилт амссан байна.
Дорно зүгээс Халхууд, өмнө зүгээс Хасагуудын түрэмгийлэлд өртсөн Ойрадууд мал
сүргээ бэлчээх шинэ нутаг хайхаас аргагүйд хүрчээ. Москвагийн хайгуулчид зүүн
ба өмнө зүг адал явдал хайн бэдэрч шинэ шинэ хот цайзууд байгуулж, газар нутгаа
өргөжүүлж байх яг тэр цаг үед Ойрадын нүүдэлчид өөрсдийн төрөлх Зүүнгар
нутгаасаа халин умард болон өрнийг зорин нүүдэллэж эхэлсэн байна.
Олон зуун жилийн уламжлалт худалдааны түнш
Зүүн Туркестан руу очих худалдааны замыг Хасагууд хаасан тул, Ойрадууд
байгуулагдаад удаагүй Москвагийн хотууд руу анхаарлаа хандуулсан байна. Хамгийн
анх 1606 оны 9 сард Торгуудын Хоо Өрлөг Тайш, Эрчис мөрний хөвөөнд орших Тара
хот руу өөрийн элчээ илгээсэн байдаг.
Үргэлжлэлийг эндээс: http://www.oirad.mn/