Хог хаягдлын тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. Үүний хүрээнд хог хаягдлыг ангилах, булшлах зэргээр хууль эрх зүйн актуудыг бэлэн болгохоор БОНХЯ ажиллаж байна. Цаашид хогийг ангилдаг, ялгадаг үйлдвэрүүдийг хувийн хэвшилтэй хамтран барьж байгуулах юм. Тиймээс хувийн хэвшлийн зүгээс Засгийн газартай хог хаягдлын менежментийн талаарх хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө одооноос боловсруулах хэрэгтэй байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцогчид байнгын ажиллагаатай хог хаягдлын зөвлөл байгуулах, хог хаягдлын салбарт ашиглагддаг стандартууд байх шаардлагатай гэж үзэж байна. Стандартуудыг нэг мэргэжилтэн боловсруулах боломжгүй ч энэ асуудалд анхаарах хэрэгтэйг чухалчлав.
Хог хаягдлын асуудал аливаа улс орны хөгжлийн бодлоготой уялдаж байдаг. Тиймээс БОНХЯ-нд хариуцсан нэг мэргэжилтэн байх биш, энэ чиглэлийн бие даасан байгууллагатай болох хэрэгтэй гэж оролцогчид санал гаргалаа. Мөн хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгосноор экологи эдийн засгийн үнэлгээний хувьд хэдий хэмжээний хохирлыг бууруулсан гэсэн тооцооллыг хийлгэж өгөхийг хүсэв. Энэ нь гадны хөрөнгө оруулалтыг татах болон өргөн хүрээнд хамтран ажиллахад дөхөм болох үзүүлэлт гэв.
Үүнээс гадна байнгын яригддаг нэг асуудал нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт. Хаягдал өөрөө онцлогтой олон төрөл байдаг учраас боловсруулж угааж цэвэрлэхэд их хэмжээний зардалтай. Мөн хог түүж, цуглуулах, ачих, тээвэрлэх явцад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нян бактеритай орчинд ажилладаг. Тиймээс хаягдлыг бууруулж, баялаг болгоход оролцож байгаа гэдэг утгаар нь хог цуглуулдаг болон бусад хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалсан, хөдөлмөр хамгааллын арга хэмжээг авч өгөхийг хүслээ.