1800 км авто зам баригджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

1800 км авто зам баригджээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байгаа юм. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төсөл болон улсын чанартай авто замуудын талаар мэдээлэл хийлээ.

Авто замын тухайд тодотгоход энэ онд 1800 гаруй км зам ашиглалтад оржээ. Нэг жилд 1800 км авто зам баригдсан нь сүүлийн таван жилийн хугацаанд барьсан авто замын урттай тэнцэж байгаа аж. Мөн зургаан аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбохоор болж, Засгийн газар зорилго тавьсан. Одоогоор нийт гурван аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон. Хамгийн сүүлд Дундговь аймагт 104 км авто зам ашиглалтад орсон юм.

Гэхдээ УИХ-ын гишүүд авто замын чанар сайнгүй байгааг ч санууллаа. Үерийн ус зайлуулах сувгуудыг муу хийж байгаа нь эргээд авто зам насжилтгүй баригдах гол шалтгаан болж буйг дуулгаж байна. Тэр тусмаа чанар сайтай авто замд хөрөнгө оруулах нь эргээд “Чингис бонд”-ын мөнгийг үргүй зүйлд зарцуулаагүй гэдгийг харуулах болно. Тиймээс цаашид энэ асуудалд илүү анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна.

Мөн цаашид аймгуудыг сумтай авто замаар холбох ажил хэзээнээс эхлэх вэ гэдгийг гишүүд тодрууллаа. Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбараар бол аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой авто замтай холбож дууссаны дараа аймгийн төвийг сумтай холбох ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд зарим судалгааны ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, хайрган хучилттай замыг бэхжүүлдэг технологийн туршилт хийж байгаа. Амжилттай болбол энэ аргыг ашиглах аж. Түүнчлэн “Гүүр” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх тооцоо судалгааг Зам тээврийн яамны төвшинд хийж байгаа гэнэ. Хэрэв төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарвал 100 км газрыг тойрч очих бус гүүрээр дамжуулж товчлон очих бололцоо нээгдэнэ.

Энэ жил зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гарснаас Булганы Уньтаас- Мөрөн рүү тавигдах авто замын ажил урагшлаагүй. Солонгосын хөрөнгө оруулалттай компани 88 км авто зам барихаар тендэрт шалгарсан ч хүн хүч хийгээд техник хэрэгслийн хувьд чадамжгүй байсан учраас 40 км замын ажлыг буцаан өгсөн. Гүйцэтгэгч компани өөрчлөгдсөн ч замын төсөвт өртөг нэмэгдээгүй хуучин үнээрээ ажил үргэлжилж байгаа юм байна.

Ийнхүү авто зам болоод “Гудамж” төсөлтэй холбоотой асуудлаар гишүүд Ерөнхий сайд болон Зам тээврийн сайд А.Гансүх нараас асуулт асууж хариултаа авснаар энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж