Ким Юүна өнгөрсөн долоо хоногт Хайн далайн хар шуурганы улмаас 10 гаруй мянган иргэдээ алдаж, хэдэн мянган хүн орох оронгүй болсон Филиппин улсад мөнгөн тусламж өгсөн талаар Yonhap агентлаг өчигдөр мэдээлжээ. 2010 оноос хойш Нэгдсэн үндэсний байгууллагын элч төлөөлөгчөөр ажиллаж буй нэрт уран гулгагч Ким Юүна 100 сая вон буюу 97.3 мянган ам.долларыг өнгөрөгч мягмар гаригт /11.12/ Филиппин улсад хандивласан байна.
Далайн хар шуурганы улмаас Филлиппин улс ихээхэн хохирол амсаад байна. НҮБ-аас тус улсад 301 сая ам.долларын мөнгөн тусламж илгээхээ мэдэгдсэн. Мөн тус улсад дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүнлэгийн тусламж очсоор байна. НҮБ-ын мэдээгээр хар шуурганы гамшигт 11 сая хүн өртсөн бөгөөд 600 гаруй мянган хүн орон гэргүй болжээ. Далайн хар шуурганд амь үрэгдэгсдийн тоо 10 мянгаас давж магадгүй байгааг аврагчид батлаад байна.
Энэ жил 23 настай, БНСУ-ын нэрт уран гулгагч Ким Юүна энэ улирлын зургаан цуврал Гран при тэмцээнд бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд ирэх сард /12.05-08/ Хорват улсын нийслэл Загреб хотноо болох “Golden Spin Zagreb” тэмцээнд оролцохоор болсноо мэдэгдээд байна.