“Роналду, Златан эхний тулаанаа хийнэ”

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

“Роналду, Златан эхний тулаанаа хийнэ”

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Европийн бүсийн шувтаргын шатанд /плей-оффд/ найман шигшээ багийн эхний тоглолт өнөө орой 23:30 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ. Өнөө шөнийн хамгийн оргил нь Португалийн нийслэл Лисабон хотын Спортын цэнгэлдэх хүрээлэнд болох Португал болон Шведийн тоглолт байх болно. Хөлбөмбөгийн ногоон дэвжээний “чимэг” болсон тоглогчид болох Криштиан Роналду, Златан Ибрахимовыч тус тусынхаа шигшээ багаа удирдан халз тулна. Криштан Роналду 2013 онд 63 гоол оруулсан. Харин шигшээ багийнхаа төлөө нийт 107 тоглолтод 43 гоол оруулаад байна. Златан Ибрахимовыч улирал эхэлснээс хойш 16 тоглолтод 15 гоол оруулаад байна. Энэ нь Роналду, Златан нарыг төгс формтой байгааг илтгэнэ. 

Европийн бүсийн плей-оффын шатны эхний тоглолт:

23:30 цагаас: Исланд – Хорват

00:15 цагаас: Португал – Швед

Украйн – Франц

Грек – Румын

Исланд – Хорват  

Исландийн шигшээ багийн хувьд Хорватийг хожиж, ДАШТ-д оролцоно гэдэг  “мөрөөдөл” нь юм. “Мөрөөдлөө” биелүүлэхийн тулд өнөө орой нутагтаа маш сайн тоглох ёстой. Гылфи Сигурдссон, Айдур Гудёнссон тэргүүтэй Исландын шигшээ багийнхан ДАШТ-д оролцох сайхан боломжийг алдмааргүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Гэсэн ч Исландийн өрсөлдөгч “Реал”-ийн Лука Модрич, “Байерн”-ий Марио Манжукич тэргүүтэй Хорватын шигшээ баг. Хорватын шигшээ баг Исландын хажууд оролцсон тэмцээн, од тоглогч гээд бүхий л зүйлээр илүү.  Хорватчууд Исландтай таарсан нь тун азтай. Учир нь Европийн бүсээс шалгарсан найман багийн хамгийн сулхан нь Исланд байсан юм.

Португал – Швед

Португал, Шведийн шигшээ баг сугалаа таарсан нь хамгийн харамсалтай. Учир нь Португал, Шведийн шигшээ баг өнжинө гэхээсээ илүүтэй энэ цагийн хөлбөмбөгийн ногоон талбайн чимэг Криштиан Роналду, Златан Ибрахимовычгүй ДАШТ болох нь. Энэ хоёр хөлбөмбөгчгүйгээр хөлбөмбөгийн ДАШТ-ийг зүйрлэх аргагүй. Гэвч сугалаа хатуу таарсан. Нэг нь ирэх жил Бразилд болох ДАШТ-ийг зорино.

Португалийн шигшээ баг хурдтай, техниктэй довтолгооныг хэв маягтай бол Швед биеийн хүч, тактикийн тоглолтыг голчилдог.  

Хоёр багийн эхний “тулаанд” талбайд гарах магадлалтай тамирчдыг yahoo.com дараах байдлаар таамагласан байна.

Португал: Хаалгачаар Руй Патрисию, хамгаалагчаар Жоао Перейра, Пепе, Бруну Алвеш, Фабио Коентрау, хагас хамгаалалтад Жоао Моутинью, Мигель Велосо, Жосуе, Луйш Нани, довтлогчоор Криштиан Роналду болон Элдер Поштига нар тоглоно.

Швед:  Хаалгачаар Андрес Исакссон, хамгаалагчаар Мартин Олссон, Михаель Лустиг, Жонас Олссон, Михаель Антонссон, хагас хамгаалагчаар Понтус Уэрнблүүм, Себастьян Ларссон, Жимми Дурмаз, Расмус Элм, довтлогчоор Златан Ибрахимовыч болон Ёохан Элмандер нар тоглоно. 

Швед болон Португал хоорондоо 15 удаа таарч тоглосон. Үүнээс зургаад нь Швед гуравт нь Португал хожсон. Гэсэн ч Швед 1986 оноос хойш Португалийг томоохон тэмцээнд хожоогүй байна.

Украйн – Франц

2013 оны Европийн шилдэг хөлбөмбөгч Франк Рибери тэргүүтэй Францууд Украйнд зочилно. Украйны талбайд давуу байдалтай буцахыг францчууд хүснэ. Францын хөлбөмбөг алдарт Зинедин Зиданийг зодог тайлснаас хойш хэсэг хугацаанд “унасан”. Гэсэн ч одоо дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн одод нь хоорондоо бас дасгалжуулагчтайгаа хэл амаа ололцсоноор хүчирхэг болсон. Франц ДАШТ-ийг зорих нь гарцаагүй биз. Харин Украйн шалгарвал тун том шуугиан дэгдэнэ.

Грек – Румын 

Энэ хоёр багийн аль ч ДАШТ-ийг зорих боломжтой. Гэсэн ч Грекийн шигшээ баг оролцсон тэмцээний туршлагын хувьд Румынаас илүү.

Эдгээр найман багийн хариу тоглолт арваннэгдүгээр сарын 21-нд болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж